МУГЖ Г.Ариунбаатар Архангайд болох “Ara festival”-ийн задгай тайзан дээр “Монгол сонгодог-4” тоглолтоо хийхээр болжээ

Эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж яваа дуурийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар долдугаар сарын 22-нд Архангайд болох “Ara festival”-ийн задгай тайзан дээр “Монгол сонгодог-4” тоглолтоо хийхээр болжээ.

Тэрээр сошиал хуудсандаа дараах мэдээллийг оруулсан байна

Г.Ариунбаатар:

2011 онд анх М.Глинка-н нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдийн уралдаанд Тэргүүн байр эзлэж, түүнээс хойш 2015 онд Чайковский-н нэрэмжит уралдаан, 2017 онд “Кардифф Дэлхийн дуучин” Cardiff Singer of the World зэрэг Дэлхийд нэртэй уралдаануудад оролцож Тэргүүн байр Гран-При шагналуудыг хүртэж байв.Ер нь би амьдралдаа дуурийн дуулаачийн 5  уралдаанд оролцож тавууланд  нь Тэргүүн байр, Гран-При шагналуудыг эзэлсэн байдаг юм. Өөрийгөө дөвийлгөөгүй юм шүү!

Анх Москвад уралдаанд оролцох гээд очиход манай сонгодог урлагийн нэгэн том төлөөлөл хүндтэй хүн надад хандаж “Ариунбаатараа зардал чирэгдэл их гарна, чи амжилт үзүүлэх эсэх нь бараг бүтэхгүй, Москва нулимсанд дургүй шдээ” гээд инээгээд цааш яваад өглөө.

Хоёр жил багш нартайгаа хэрэндээ л сургуулилтаа сайн хийж, тэднийхээ хөлс хүчийг шавхаж, инээхдээ инээж, уйлж , шантарч, урам авч урагшилж бид их л хичээл зүтгэл гаргаж байж сая нэг би гэдэг хүн анх удаа Москвад ирсэн юм.

Яг ийм үед хүндэлдэг хүнээсээ ийм үг сонсох надад сайхан байгаагүй ээ. Маш хүнд дарамт, цохилт болж байсан. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг дээ.

Тэр үед би Цагдаагийн “Сүлд” чуулгадаа ажиллаж, жинхэнэ ажлын амт, зөв хамт олны хайрыг мэдэрч байсан сайхан цаг үе.

 

 Миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй ач гавьяа, урам зориг, чиглүүлэгч минь болсон МУГЗ, хурандаа Л.Гаваасүрэн дарга маань бүхнийг зохион байгуулж, тухайн үеийн Хууль зүйн  сайд Ц.Нямдорж , ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, түүний зөвлөлийн гишүүд болох хурандаа С.Ганбат, М.Энх-Амгалан, Х.Энхжаргал гээд дарга нар маань Монголын цагдаагаас анх удаа энэ төрлийн дэмжлэгийг чин сэтгэлээсээ үзүүлж, мөн миний нутаг нэгт эрхмүүд болох тухайн үеийн Шадар сайд М.Энхболд, Төв аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Н.Энхбат , Яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар тэргүүтэй маш олон хүний халуун дэмжлэгээр би Москва руу зоригтой, зорилготой, харц дээгүүр явсан байдаг юм.

Өөрийн эх орны болон олон улсын  дуучидтай 3 шатаар өрсөлдөж, М.Глинкийн нэрэмжит олон улсын  дуурийн дуулаачдын 24-р уралдаанд Тэргүүн байр эзэлж, цэл залуу 23-хан насандаа МУГЖ хэмээх эрхэм цолыг өндөр төрөөсөө хүртэж байлаа.

Ер нь уралдаан тэмцээнд явна гэдэг тухайн дуучны хувьд санхүү мөнгөний асуудал туйлын хүнд тусдаг байсан үе л дээ. Ажилтай нь цалингийн зээл, ажилгүй нь ах дүү, амраг садангаасаа л хэдэн төгрөг босгож уралдаандаа явцгаадаг байлаа Амжилт гаргахгүй бол бөөн өртэй л үлддэг байсан санагдана. Хэцүү цаг үе, хүмүүс.

Сонгодог урлагийн мэдлэг хомс тэр хэрээр дэмжлэг ховор. Одоо ч дээрдээд л байгаа харагддаг.

Аа харин надад тийм нөхцөл байдал үнэнийг хэлэхэд байгаагүй ээ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл дээрх ачлалт хүмүүс байсан учраас мөн дараа дараагийн уралдаанд явахад хүндрэл гараагүй учир нь би итгэлийг нь алдаж байгаагүйд оршино. Тухайн уралдааныхаа сургуулилтыг нэн тэргүүнд тавьж, цаг мөч бүхэнд хичээж багш нараасаа сонссон зөвлөгөөг аль болох өөртөө зөв шингээх юмсан, олон хэлүүлэхгүй сайжрах юмсан гэж их зүтгэнэ,найз нөхөдтэйгөө жил гаруй уулзахгүй зөвхөн сургуулилтаа хийж зүтгэсний үр дүнгээ хүртэх хичнээн урамтай. Тийм ч учраас дэмжлэг тэр хэрээр их байдаг байлаа. Миний багш Ардын багш О.Ичинхорлоо, төгөлдөр хуурч багш Ц.Уртнасан хоёр маань намайг тун чиг эрхлүүлсэн дээ.

Олон сайхан хүмүүсийн тус дэмээр өдий зэрэгтэй явж байна даа. Одоогийн намайг бүтээлцсэн тэр хүмүүст би болон миний аав, ээж бид бүгд талархаж, үргэлж ач санаж явдаг юм шүү дээ. Дээрх нэрс бол 2011 онд анхны уралдаандаа явахад дэмжсэн хүмүүсээ л дурдсан төдий. Бүгдийг дурдвал зарим нэг нь орхигдоно гэж эмээнэ.

Анх шагнуулчихаад энд тэнд арга хэмжээнд дуулахад хөтлөгч МУГЖ гээд зарлахад шоолоод ч байгаа юм шиг эвгүй.Харин 2-3 жил өнгөрсний дараа МУГЖ гэж зарлахгүй бол эгдүү, дургүй хүрдэг болсон байсан сан, хүний л араншин юмдаг уу даа…

Сайны хажуугаар саар байлгүй яахав,

Анхны уралдаанаас хойш өдийг хүртэл олон хүмүүсийн хэл ам, атаархал цухал дунд амьдарч хааяа гомдож, нялхамсдаг л байлаа. Ер нь ихэнхдээ өрөвдөж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, үзэн ядахгүй өөрийгөө чөлөөлж ухаан зарах гэж хичээж иржээ, одоо ч дасаж дээ. Анхны уралдаанд ороод ирэхэд зарим мэргэжил нэгтнүүд “Ариунбаатар азаар л түрүүллээ” гэлцээд л.  Удаа дараа амжилт үзүүлээд ирэхээр тэгэс гээд намждаг бололтой юм билээ л дээ. Ямар сайндаа “Уралдаан бол нэг хэрэг. Ариукд дуурь дуулах чадвар даан ч байхгүй дээ, харин Э.Амартүвшин бол жинхэнэ дуучин” гээд л далдуур ярьцгаана, яс хаяна, надтай таарахаараа долоочих гээд л, үеийнхэнээс, дийлэнх нь манай эгч, ах нар, зарим багш нар…

Амартүвшин гэснээс тэр мундаг дуучинтай өөрийгөө харьцуулж бодож байсан удаа цөөхөн, уралдаан тэмцээнүүд харьцуулагдаж болох ч тэр надаас нилээд хэдэн жилийн өмнө ДБЭТ-т  гоцлол дуучинаар уран бүтээлээ туурвиж аль хэдийн олон улсын замналаа эхлүүлчихсэн, Дуурийн дуучны хүнд хэцүү, жаргал зовлонг мэдрээд эхэлчихсэн байсан юм.  Түүнтэй барьцах жиших ямар ч үндэслэл үгүй. Бид зам замаараа л явж байгаа залуучууд, жалганаасаа гарч үзээгүй хүмүүс л ам хэлээ билүүддэг бололтой юм билээ.

Би АЖ Амартүвшинг Монголын урлагт маш том гавьяа байгуулж яваа эрхэм гэж хардаг, хүссэн оргилдоо хүрч өнө удаан жил эгшиглээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Атаархал гэснээс атаархал бол өөртөө итгэлгүй, сул дорой байдлаас үүдэн гарч буй сэтгэл зүйн эмгэг бөгөөд хүнийг үндсээр хөнөөдөг маш хортой өвчин байгаа юм даа.

Миний үеийн мэргэжил нэгт зарим найзууд минь өөрөө өөртөө найдаж, өөртэйгөө л тулж ажиллавал чухам өөрт чинь л тустай. Шал дэмий зүйлд санаагаа чилээж амжилттай яваа нэгэнтэйгээ өөрийгөө харьцуулж зовох шаардлага юун. Нэгнийгээ дарж байж би тодорно гэдэг бодол бол хэрхэвч сайн зүйлд хүргэхгүй. Тэгж л их алдар нэр, хүндлэл хүсээд байгаа бол зөв цагт үнэн бөгөөд тууштай хөдөлмөрлө, өөрөөр арга байхгүй, Галактикын дуучид минь. Үнэн үйл бүхэн цагийн аясаар тодордог жамтай…

Уул үзээгүй байж хормой шууж

Ус үзээгүй байж гутлаа тайлна гэхчээр…

Ер нь амжилтын цаана маш их хөдөлмөр, өөрийгөө ялах тэмцэл өрнөдөг юм шдээ, өнгөцхөн хэлэхэд.

Ганцхан манай салбарт ч биш ер нь Монголын нийгэм тэр чигтээ ийм төрлийн эмгэгээр өвчилчихсөн байна. Бид яаж ийж байгаад л тодрох, онцгойрох өвчтэй болсон байна. Ёс зүйн хэм хэмжээ, харилцаа , хүндлэл байхгүй болж. Энэ нь бидний ирээдүйд асар хортой гэж бодно. Үйл үйлээ дагадаг хорвоо доо,. учиртай байхсан.

Миний монгол дуунуудад ард түмэн ам сайтай байдагт ихэд урамшиж явдаг даа. Монголын сор хөгжмийн зохиолчидын бүтээлээс хэдэн сайхан дуу дуулж өгч гурван  удаагийн тоглолт хийсэн байдаг, зарим хүмүүс надад “Цагийн гарз шдээ, дуурийн дуучны замналаа хөөх байсан юм” гэж сайн санаж хэлж л байсан санагдана. Би харин ердөө тэгж боддогүй, бодохыг ч хүсдэггүй, алдас болно юмс бүхэн өөрийн цаг хугацаатай гэж итгэдэг болохоор тэр. Эхлээд эх орондоо сайн дуучин байх ёстой гэж л бодсоных, алдаа байгаагүй ээ.

Миний дуурийн дуучний замнал Улаан үүд хотын Дуурийн театраас 2015 оноос эхэлсэн байдаг ч дэлхийн дуурийн ертөнцөд тод мөрөө гаргана гэж мөрөөдөж зориод үндсэндээ 5-6 жилийг л үдэж буй. Энэ ахархан хугацаанд чамлахааргүй уран бүтээлүүдэд, дэлхийн нэр хүндтэй том театруудад уригдаад дуулаад явж байна. Цаашид улам тэлж, мөрөөдөлдөө алхам алхмаар дөхөх нь миний гол зорилго. Яг одоогоор Итали улсад 62 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Macerata opera festival” -д Набукко дуурийн Набукко-д долдугаар  сарын 17,27, наймдугаар  сарын 1, 9-нд тус тус дуулахаар сургуулилтандаа ороод явж байна.

Энэ зун миний хувьд онцгой сайхан зун болж байгаа. Учир нь долдугаар  сарын 22-нд арын сайхан хангайдаа “ARA Complex – ARA Fest“-н задгай тайзнаа “Монгол сонгодог-4 ” тоглолтоо хийхээр болсон. Миний тоглолтонд хөг нэмэхээр энэ цагийн шилдэг дуучид, уран бүтээлчид оролцож байгааг дуулгая.

Удахгүй зарлагдах байх аа. Нэгэн үдэш тансаг байгалдаа дэлхийн болон Монголын суут хөгжмийн зохиолчидын бүтээлүүдийг сонсож, даган дуулж сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна.

Хот хүрээгээс хол газар урлаг, спортоор дамжуулж яаж соёлыг түгээж болдгийг “АРА”-н залуус анхлан шан татаж тэр дундаа миний хүндэт ах Tsolmonbayar Enkhbaatar оройлон үзүүлж буйд талархаж, бахархдаг юмаа, сайн зүйлс үржиж хаяагаа тэлдэгийн адилаар одоо аймаг болгон фестивал хийдэг болсон гэхэд хилсдэхгүй байхаа, үүнийг л маш том нөлөөлөл, гавьяа гэж бодно. Удахгүй Арын сайхан хангайдаа баяртай уулзацгаая!

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn