Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлж, УИХ-ын байнгын хороогоор нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.
Түүнийг Ерөнхий сайд асан М.Энхболдын хүү гэдгээр нь хүмүүс мэднэ. Э.Анарын хувьд 2017 оноос хойш Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллажээ.
Түүний томилгооны сонсголтой холбоотойгоор Монголбанк инфляц, төгрөгийн ханшийг тогтоон барьж чадахгүй байгаа гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар энэ үгийг хэлсэн бөгөөд нийгмийн сүлжээнд “Шилэн” Цогоо нэрээр танигдсан Б.Цогтгэрэл дэмжиж, шүүмжлэлттэй хандаж байгаагаа илэрхийлэн жиргэхэд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хариу тайлбар өгчээ.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Шилэн Цогоо” гэх мэт захиалгат хаягуудаас хийж буй олон удаагийн гүтгэлэг, дайралтын эсрэг анх удаа албан ёсны хариу өгье. Миний бие Төв банкийг удирдах хугацаандаа аливаа улс төрийн бүлэглэлийн “хууль бус” шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд ямар ч шантаажид орохгүй гэдгээ хатуу мэдэгдье.
Тусгаар улсын төв банк аливаа шантаажид орж, бууж өгөх ёсгүй.
Дашрамд дурдахад, Монголбанк ашиг сонирхлын бүлэглэлээсээ салж, бодлого нь шинэчлэгдсэний бодит үр дүн гарч байна. Эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй Гадаад валютын албан нөөц түүхэн дээд буюу 7.7 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш болон суурь инфляц тогтвортой байгааг дуулгахад таатай байна” гэжээ.
