ДАШТ-2026 тойм: Мөрөөдөл нь биелсэн Кабо Верде хийгээд хаалгач Возинья

Хөлбөмбөг хэмээх аугаа спортын ДАШТ-ний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны 32 баг шалгарлаа. Дараагийн 16 үлдэх тоглолт урд шөнө эхэлж, өнгөрсөн шөнө тэмцээний зохион байгуулагчдын нэг болох агч модны Канад улсын шигшээ баг Өмнөд Африкийн БНУ-ын шигшээ багийг 1:0-оор хожиж буцах билетийг нь захиалуулаад байна.

Энэ шөнө дэлхийд  тавантаа түрүүлсэн Бразилийн шигшээ баг 32-т үлдсэн Ази таивийн цорын ганц баг Японтой тоглоно.

ДАШТ эхлэхээс өнөөдрийг хүртэл сенсаци шуугиан тасарсангүй. Энэ дундаас 500 гаруйхан мянган хүн амтай жижигхэн Кабо Верде улсын шигшээ баг 32-т үлдсэнийг онцолмоор байна.

Тус улсын шигээ багийн хаалгач, монголчууд бидний нэрлэдэг 40 хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэгт нийцэж буй Возинья хэмээх эр хүсэл мөрөөдөлдөө шууд хүрсэн нь бахархмаар хувь тавилан. Тэрбээр ДАШТ-ээс анхны оноогоо авах, өөрийн шүтээн Мессиг зодог тайлахаас өмнө Аргентины шигшээ багтай тулах хүсэлтэй байснаа ярьсан. Тэр ёсоор Кабо Вердечүүд хэсгийн гурван тоглолтонд хожигдсонгүй дараагийн шатанд шалгарлаа.

Мөн Возиньягийн дараагийн мөрөөдөл ч биелж, 32-т тус улсын шигшээ баг Аргентинтай тоглож, Возинья өөрөө Мессигийн цохисон бөмбөгийг хаах уу, алдах уу гэдгийн өмнө ирээд байна.

23 дахь удаагийн ДАШТ-д анх удаа 48 улсын шигшээ баг тоглож байгаа нь анхных. Энэ дунд Ази хэмээх манай шар тивийн шигшээ багуудын тоглолт гарсангүй. Ганц Япон л тивийнхээ нүүр царай болон 32-т шалгарч, Бразилтай хасагдах шатанд энэ шөнө тоглохоор болоод байна.

Хөх самурайнууд томоохон аваргуудад халтай тоглолтыг үзүүлдгээрээ алдартай учир энэ удаа Бразилийг ч нухчих бололцоо бий хэмээх судлаачид, фанатууд олон байна. Гэхдээ 2022 оны 22 дох удаагийн ДАШТ-нд тус хоёр улсын шигшээ баг хоорондоо тоглон 0:1-ээр Бразил хожиж байсан юм.

Азийн багууд бараг бүгд сөхрөхөд Африкийн шигшээ багууд хувь нэмрээ ихээр оруулсан ба тус ДАШТ-д орсон 19 улсын шигшээ багаас 9 нь 32-т үлдэж хасагдах шатыг, онц сонирхолтой болгож байна.

Дараагийн нэг том шуугиан Португалийн шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч Хорватын шигшээ багтай 32-т таарсан явдал. Энэ удаагийн ДАШТ хамгийн сүүлчийнх нь байж болох Португал улсын шигшээ багийн ахлагч бөгөөд довтлогч К.Роналдуг азгүй гэх хүмүүс ч цөөнгүй байна. Учир нь Хорватын шигшээ баг ингэж үлгэн салган мэт гарч ирээд яван чангарч аварга, арслангуудыг нураасаар финал, хагас финал хүртэл явчихдаг увдистай гэдэг. Тиймээс тус хоёр багийн тоглолтыг хүлээх хүлээлт фанатуудын дунд их байна.

Энэ дунд хамгийн их харамсал төрүүлэх нэгэн асуудал бий. Тэр нь саяхан АНУ, Иран улсууд дайтсантай холбоотой. Иран улсын шигшээ баг ДАШТ-д оролцоно, оролцохгүй гэгдсээр эцсийн мөчид оролцох болсон. Гэвч АНУ-д очиж тоглох боловч Мексик рүү буцаж энэ хооронд бэлтгэл, сургуулилтаас эхлээд хоцролт их байснаас Ираны шигээ баг олигтой тоглож чадсангүй.

Тиймээс тус улсын шигшээ багийн тухайд хамгийн харамсалтай үйл явдлууд болсон гэж үзэх фанатууд болон хөлбөмбөгийн мэргэжилтнүүд бараг нэгэн дуугаар зөвшөөрч байна.

Харин хөлбөмбөг үзэх гэж нойрноосоо хумсалсаар зомби мэт болж байгаа мань мэтийн фанатуудыг хэсгийн гурван тоглолтод 6 гоол оруулж, ДАШТ-д нийт 19 гоолтой тэргүүлж яваа Мессигийн тэргүүлсэн Аргентин аваргаа хамгаалж чадах уу хэмээх оньсого улам л нойроо умартахад хүргэсээр байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn