Өнөөдөр УИХ дахь ХҮН-ын зөвлөлийнхөн мэдээлэл хийхдээ эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд голлон ажилласан гэв.
Тус намынхан “Эрчим хүчний салбарын тухайд үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн үе шаттайгаар чөлөөлөх шаардлагатайг онцолж, сэргээгдэх эрчим хүчний анхны нээлттэй дуудлага худалдаагаар эрчим хүч нийлүүлэх өртгийг 4.85 цент хүртэл бууруулсан нь салбарын шинэчлэлийн чухал алхам болсон” хэмээн онцолсон юм.
ХҮН-ынхан яагаад эрчим хүчний асуудлыг онцолж байна гэхээр тус намын дарга Т.Доржханд /Шадар сайд/, гишүүн Б.Найдалаа Эрчим хүчний сайдын албыг тус тус хашиж, тэд Монгол улсын эрчим хүчний салбарыг хариуцаж байгаатай холбоотой.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд эрчим хүчний салбарынхан ажил хаяна хэмээн мэдэгдэж, салбарын сайд болон Засгийн газар улмаар УИХ-тай тохиролцоо хийх тухай яригдаж ирлээ. Гэвч Засгийн газар тухайлахад Сангийн сайд З.Мэндсайхан тус салбарын ажилчин албан хаагчдын цалинг 30 хувар нэмэгдүүлэх боломжгүй хэмээсэн аж. Тиймээс маргааш буюу 2026 оны 6 дугаар сарын 30-ны 08:00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зарлахаар шийдвэрлэсэн хэмээн өнөөдөр мэдэгдлээ.
Тэд ажил хаяснаар орон даяар тог цахилгаан тасалдах болно.
Энэхүү ажил хаялтад эрчим хүчний салбарын 35 байгууллагын 10,000 орчим ажилтан нэгдээд байгаа бөгөөд үүний дотор цахилгаан станцууд болон түгээх компаниуд багтаж байна. Тэдний шаардлагын гол цөм нь цалингаа 30 хувиар нэмэгдүүлэхээс эхлээд эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, тарифын бодит шинэчлэлт хийх зэрэг ажээ.
Энэхүү ажил хаялт нь улс орон даяар эрчим хүч болон дулаан хангамжийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой доголдол үүсгэх эрсдэлтэйг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж мэдэгдэхдээ “Юуны өмнө эрчим хүчний салбарын ажил хаялт нь ХҮН нам эсвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн эсрэг хийж буй улс төрийн үйлдэл биш. Манай тэмцэл сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн. Ажил хаях нөхцөл гурван сарын өмнөөс бүрдсэн бөгөөд бид ажил хаялтад нэгдэх санал асуулгыг нэг сарын өмнө явуулж, энэ сарын 22-нд хуулийн дагуу мэдэгдлээ хүргүүлсэн.
Бид зөвхөн цалин нэмэх шаардлага тавиагүй. Салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл зэрэг нийт 12 шаардлагыг тавьсан. Эрчим хүчний яамнаас цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн ч энэ нь бидний шаардлагыг хангахгүй.
Харин цалинг 30 хувиар эсвэл үе шаттайгаар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлсэн бол хэлэлцээ хийхэд бэлэн байсан. Гэвч бодитой санал ирээгүй учраас маргааш буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас шуурхай ажиллагааны ажилтнуудаас бусад албан хаагч ажил хаялтад орно. Хэрэв долдугаар сарын нэгэн гэхэд тохиролцоонд хүрэхгүй бол эрчим хүчний салбарын шуурхай тасгийн ажилтнуудаас бусад салбарынхан ажил хаялт хийх болсноо дахин зарлаж байна” хэмээсэн юм.
