Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүрээ цам-Даншиг наадам” амжилттай болж өндөрлөлөө. Наадмын үеэр соёлын тэргүүний ажилтан, бурхан шүтээн урлаач З.Энхтайван өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Нийслэлийн удирдлагуудад хандан нэгэн чухал хүсэлтийг гаргажээ.
Тэрээр Даншиг наадмын талбайд залдаг Их Очирваань бурхны аварга торгон зээгт наамлыг цаг агаарын таагүй нөлөөллөөс хамгаалах шаардлагатай байгааг онцолсон байна.
Уг аварга торгон зээгт наамал нь 18×12 метрийн метрийн хэмжээтэй бөгөөд Монголын орчин үеийн бурхны урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг соёлын үнэт өв юм.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат багшийн тиг зохиомжийн дагуу, түүний удирдлага дор Монгол орны олон аймаг, нутгийн шилдэг зээгч, хатгамалч урчууд хамтран 2007-2008 онд урлан бүтээжээ.
Буддын шашны сургаалыг хамгаалагч, эр зориг, билиг ухааны бэлгэдэл Их Очирваань бурхны энэхүү дүрийг Даншиг наадам, төр шашны томоохон ёслолын үеэр дэлгэн залдаг бөгөөд олон мянган сүсэгтэн олон мөргөж шүтсээр ирсэн.
“Энэхүү хосгүй бүтээлийг жил бүр ил задгай дэлгэснээр бороо, салхи, нарны хурц туяанд өртөн өнгө алдах, гандах, сэвтэх, урагдах зэрэг эрсдэл үүсэж, цаашид мөргөлийн болон соёлын үнэт өвийн зориулалтаар ашиглах боломж алдагдах аюул нүүрлээд байна” хэмээн З.Энхтайван анхаарууллаа.
Бурхан шүтээн урлаач З.Энхтайван уг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нарт хандан дараах хүсэлтийг гаргасан байна.
- Очирваань бурхны аварга зээгт наамлыг дэлгэн залах үед цаг агаарын нөлөөллөөс хамгаалах инженерийн шийдэл бүхий хамгаалалтын саравч, түр байгууламжийг яаралтай хэрэгжүүлэхийг хүслээ.
Энэхүү хүсэлт нь зөвхөн хувийн байр суурь биш бөгөөд Монголын бурхан урлаачид, уран бүтээлчид, шавь нар болон үндэсний өв соёлоо хайрлан хамгаалахыг хүсдэг нийт сүсэгтэн олны нийтлэг хүсэл гэдгийг тэрээр тодотгосон юм. Мөн уг асуудлаар санаа бодлоо хуваалцаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
