Энэ жилийн “Хүрээ цам–Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Даншиг наадмыг нийслэлийн иргэдийн баяртай нэгтгэн зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг болсон нь энэ жилийн онцлогийн нэг юм.
Наадмын хүрээнд Хүрээ цамын ёслол, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, лам хуврагуудын ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээн, балин тосон урлалын уралдаан зэрэг Буддын шашны уламжлалт зан үйлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Мөн үндэсний бөх, сур, шагайн харваа, язгуур урлагийн тоглолт, гар урлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм.
Түүнчлэн энэ жилийн Даншиг наадамд улс, аймаг, сумын цолтой 306 бөх бүртгүүлснээс 256 бөх барилдаж, Даншигийн түрүү бөх 30 сая төгрөгийн бай шагнал хүртэхээр болсон.
Анхдугаар Богдын үед үүссэн Даншиг наадмыг 2015 онд сэргээснээс хойш 10 дахь жилдээ болж байна
Хүрээ цам Даншиг наадам нь Монголын төрт ёс, шашин, соёлын өвийг нэгэн дор шингээсэн, олон зууны түүхтэй уламжлалт баяр юм. Энэхүү наадмын түүх 1639 онд Халхын долоон хошууны ноёд Ширээт цагаан нуурт чуулж, Өндөр гэгээн Занабазарыг Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжилсөн их ёслолоос эхтэй гэж үздэг. Уг ёслолын үеэр бат оршил өргөх Даншиг наадмыг анх зохион байгуулсан нь өнөөгийн Даншиг наадмын эхлэл болсон юм.
“Даншиг” хэмээх нэр нь төвөд гаралтай бөгөөд “бат оршил” гэсэн утгыг илэрхийлдэг. Анх Богдын өлмий бат оршиж, улс орон амгалан тайван байхыг ерөөсөн шашны зан үйл байсан бол хожим төр, шашны томоохон баяр болон өргөжин хөгжжээ. Даншиг наадам нь бөх барилдах, хурдан морь уралдуулах, сур харвах зэрэг үндэсний спортын төрлүүдийг шашны ёслолтой хослуулсан Монголын онцлог баяр байсан бөгөөд XIX зуун гэхэд Их Хүрээнд жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.
Хүрээ цам нь Даншиг наадмын салшгүй хэсэг бөгөөд Буддын шашны зан үйлийн багт бүжиг юм. Лам нар бурхад, сахиусыг бэлгэдсэн баг, өмсгөлтэйгөөр цам харайж, муу бүхнийг дарж, улс орон, ард иргэдэд энх амгалан, сайн сайхныг бэлгэддэг зан үйл ажээ.
Даншиг наадам 1920-иод оны эхэн үеэс тасалдаж, олон арван жилийн турш зохион байгуулагдаагүй. Харин 2015 онд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Даншиг наадам–Хүрээ цам” шашин, соёлын наадмыг сэргээн зохион байгуулсан юм.
Түүнээс хойш тус наадам нь COVID-19 цар тахлын үеийн хязгаарлалтыг эс тооцвол жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж, шашны ёслол, Хүрээ цамын бүжиг, үндэсний бөх, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, соёл урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээг нэгтгэсэн үндэсний хэмжээний соёлын өвийн баяр болон хөгжиж байна. Өнөөдөр Даншиг наадам нь зөвхөн шашны зан үйл төдийгүй Монголын түүх, төрт ёс, биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал арга хэмжээний нэг болоод байна.
