Европт саарал чоно “эргэж” ирснээр ширүүн маргаан дэгдэх болжээ

Хууль эрх зүйн хатуу хамгаалалт, 1979 оны Бернийн конвенцын ачаар Баруун Европт XIX зуунд бүрмөсөн устаад байсан уугуул саарал чоно гайхалтай хурдацтай сэргэж байна.

Өнөөдөр Европын Холбооны гишүүн орнуудад 23 мянга  гаруй чоно нутаглаж байгаа нь 2012 оныхоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд байгаль хамгааллын томоохон амжилтад тооцогдож байгаа юм. Төв Европын бүсэд гэхэд л тоо толгой нь 2 000  орчимд хүрч, Герман, Нидерланд, Бельги зэрэг орноор эрчимтэй тархаж байна.

Гэвч энэхүү эргэн ирэлт нь хүн, малтай зэрэгцэн амьдрах хязгаарыг сорьж, нийгмийг туйлшруулсан ширүүн маргаан дагуулав.

Нидерландад “Брам” нэртэй зартай чоно хүүхэд, эмэгтэйчүүд рүү дараалан халдсан хэрэг гарч, олон нийтийг айдаст автуулсан бол Европын холбооны  хэмжээнд жил бүр 50 мянга  орчим мал чононд бариулж байна. Үүнээс үүдэн фермерүүд болон улс төрчид зарим нутгийг “чоногүй бүс” болгох, хяналтын арга хэмжээ авахыг шаардах болжээ.

Маргааны дунд хавчигдсан чоно судлаачид аль аль талаас нь шүүмжлэл хүртэж, амь насанд нь заналхийлсэн сүрдүүлэг хүртэл авах болсон байна. Иргэд ч асуудлыг өөрсдийн гараар шийдэхийг оролдож, Италид гэхэд пестицидээр хордуулсан өгөөш ашиглан 18 чоныг хууль бусаар устгасан хэрэг гарчээ.

Үүссэн нөхцөл байдлын улмаас Европын Комисс саяхан чонын статусыг “хатуу хамгаалалттай”-гаас “хамгаалалттай” болгон бууруулж, агнуурыг хэсэгчлэн зөвшөөрч эхэлсэн.

Тухайлбал, Германы хууль тогтоогчид улс даяар чоно агнахыг зөвшөөрөхөөр санал өгөөд байна. Харин эрдэмтэд үүнийг эртэдсэн шийдвэр гэж үзэж байгаа юм. Учир нь Европын чононууд хоорондоо холилддоггүй дор хаяж 7 тусдаа бүлэгт хуваагддаг, нөхөн үржихүйн чадвартай сүргийн тоо цөөн, цус ойртолт ихтэй тул популяци нь харагдаж байгаа шигээ тогтвортой биш, эмзэг хэвээр байна. Агнуур хийх нь тэднийг хоорондоо цус сэлбэж, генетикийн хувьд бэхжихэд нь саад болно гэж судлаачид анхааруулж байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар чоныг устгахаас илүүтэйгээр мал сүргийг 1.7 метр өндөр цахилгаан хашаагаар хүрээлэх, сүргийг идэвхтэй хамгаалж тэмцдэг Абруццо, Карпат үүлдрийн мал манаач нохдыг ашиглах нь хамаагүй үр дүнтэй бөгөөд практикт халдлагыг 90 гаруй хувь бууруулдаг нь тогтоогджээ.

Эцэст нь, чонын Европын амжилтын түүх цаашид үргэлжлэх эсэх нь тоо толгойндоо биш, харин энэ махчин амьтныг зуун хагас жилийн турш хараагүй нийгмийн сэтгэл зүй, зэрлэг байгальтай тодорхой хэмжээнд зохицон, бүх зүйлийг бүрэн хянаж чадахгүй гэдэгтэй эвлэрч амьдрах чадвараас хамаарна гэдгийг байгаль орчны философичид тэмдэглэж байна.

Эх сурвалж: ScienceMagazine

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn