Доктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн шилдэг манлайлагчаар шалгарчээ

АНУ-ын  Үндэсний газар зүйн нийгэмлэгээс (National Geographic Society) Wayfinder Award шагналын 2026 оны 15 манлайгчийн нэгээр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр шалгарчээ.

Энэхүү нэр хүндтэй шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, сурвалжлага нийтлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог.

Тэдний ажил үйлс нь бидэнд дэлхийг шинэ өнцгөөс харахад тусалж, хүн ба байгаль, орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн хоорондын холбоог бэхжүүлэн, дэлхий даяар бодитой бөгөөд үр нөлөөтэй өөрчлөлтийг бий болгодог байна.

“Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ шагналыг Монгол эрдэмтэн хүртэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал билээ. Энэхүү шагнал нь түүний Монгол орны зэрлэг амьтад, байгалийн өвийг хамгаалахад зориулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг юм. Цаашлаад шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгаалал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд оруулсан тууштай хувь нэмэр, Монгол орны зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд зориулсан няцашгүй хичээл зүтгэл, өндөр мэдлэг туршлага, уйгагүй хөдөлмөрийн бодит баталгаа боллоо.

Энэхүү бахархалт амжилт нь Монголын байгаль хамгааллын үйлс дэлхийд үнэлэгдэж буйн тод илэрхийлэл бөгөөд үүнийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн  Wildlife Science and Conservation Center of Mongolia хуудсанд хуваалцжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn