Төрийн өмчит компанийн албан тушаалтны төрийн өмч хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй баримтыг хөндөн бичсэн сэтгүүлчийн нийтлэл болон түүнд ашигласан цээж зургийг тойрсон хууль зүйн маргаан нийгэмд томоохон дуулиан тариад байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос тухайн нийтлэлд ашигласан албан тушаалтны цээж зургийг “хувь хүний биометрик мэдээлэл” гэж тайлбарлан, Цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлснээр www.zuv.mn (ЗӨВ.мн) сайтыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. Үүнийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ) болон УИХ-ын дарга С.Бямбацогт нар эрс эсэргүүцэж, “Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ухралт” хэмээн мэдэгдлээ.
ЗӨВ.мн сайтад “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ гэсэн мэдээлэл нийтлэгджээ.
Тухайн албан тушаалтан нь төрийн өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулж, үнэгүйдүүлж байгаа тухай баримт бүхий шүүмжлэлт нийтлэл байв. Нийтлэд редакцын зүгээс түүний зургийг ашиглажээ.
Гэтэл ХЭҮК-оос энэхүү цээж зургийг “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан “Хувь хүний биометрик мэдээлэл” (хүнийг дахин давтагдашгүйгээр тодорхойлох нүүрний хэлбэр, хурууны хээ гэх мэт) мэтээр хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэлийг буруутгасан бичгийг цагдаагийн байгууллагад өгчээ. Үүний улмаас редакцыг Зөрчлийн хуулиар 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан нь сэтгүүл зүйн салбарынхныг бухимдуулав.
ХЭҮК-ийн уг шийдвэрт тус комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг гарын үсэг зуржээ.
Тиймээс ЗӨВ.мн сайтын редакц болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс хамтран ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан шаардлага хүргүүллээ.
Шаардлагад:
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль-иар сэтгүүлч нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах бүрэн эрхтэй. Нийтийн албан тушаалтны зургийг биометрик мэдээлэл гэж үзэх нь цаашид төрийн албан тушаалтнуудыг хаацайлах, хэвлэл мэдээллийн амыг үдэх, цензур тогтоох аюултай жишиг болно.
Тиймээс ХЭҮК-ийг хууль зүйн үндэслэлээ олон нийтэд тайлбарлах, хуулийг өөрт ашигтайгаар эргүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон практикийг нэн даруй зогсоохыг шаардав.
Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт хэвлэл мэдээллийн салбарынхны гаргасан шаардлагыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр “Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш.
Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг “хувь хүний биометрик мэдээлэл” хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.
Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.
Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.
Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно” гэжээ.
ХЭҮК бол УИХ-ын томилдог бүтэц бөгөөд УИХ-ын даргын шаардлагын дагуу тус комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзоригт хариуцлага тооцохоор болж байна.
