Б.Дашпүрэв: Ашигт малтмалын тухай хуулийн төсөл батлагдвал уул уурхайн 20 гаруй томоохон төсөл урагшилна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Уг хуулийг 1994 онд батлагдсан цагаас хойш 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 20 жилийн турш том хэмжээний өөрчлөлт ороогүй хэмээн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв дурдсан.

Салбарын яамнаас ХЗДХЯ-тай хамтран Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ явуулахад нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байжээ. Үүний зэрэгцээ 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байж, өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн том өөрчлөлт орсон учир Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тухайн үеийн Засгийн газарт даалгасан нь өнөөдөр тус хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн үндэслэл бий болсон ажээ.

Олон жил яригдсан ч өнөөдөр л бодитоор ажил хэрэг болж буй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас олон нийт, эрдэмтэн, тухайн салбарын мэргэжилтэн нарын дунд хэлэлцүүлгүүдийг үе шаттай өрнүүлж санал авчээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан одоо ч цахимаар санал авах хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдвал гацаанд орсон уул уурхайн 20 гаруй томоохон төсөл урагшилж, 60 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгох, хариуцлагатай уул уурхай бодитоор ажил хэрэг болох нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий зохицуулалтыг тусгасан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв онцлолоо.

Тэрбээр “Бид бүхэн уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлэх зохицуулалтыг тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн техник, хөрөнгийн хүчээр биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ 100 хувь хийнэ. Төслийн гуравны хоёр нь явж байх шатанд хариуцлагын гэрээний төлбөрийг 100 хувь байршуулж, нөхөн сэргээлт хийсний үндсэн дээр төлбөрөө авах зохицуулалтыг тусгасан. Үндсэндээ Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай уул уурхай бий болох боломж нь бий болно.

Бид бүхэн АМНАТ-ийг 10 хувьд хүргэж олон улсын жишигт нийцүүлснээр уул уурхайн томоохон төслүүд урагшилна. 2010 оноос хойш нээн илрүүлсэн 20 гаруй төсөл өнөөдөр ам.долларын өсөлт, инфляцийн дарамттай үед өртгөө нөхөөд ашгаа олох гэхээр АМНАТ-ийн өндөр төлбөр тодорхой хэмжээнд саад болж байна. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой гэсэн хоёр том ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ийн 1.6 их наядын орлогыг бид богино хугацаанд 2.2 их наядад хүргэх боломжтой.

Улмаар уул уурхайн 20 гаруй төсөл хэрэгжсэнээр 60 мянган ажлын байр бий болж хөдөлмөрийн зах зээл тэлэх боломж бүрдэнэ. Монголчууд улсын дундаж цалингаас хоёр дахин өндөр цалинтай 60 мянган ажлын байр бий болох нөхцлийг бий болгох өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд оруулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn