Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Эдгээр асуудлын тухай ЭЗ-ийн хөгжлийн сайд буюу Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Ж.Энхбаяр “Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, түүнийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, бусад дагалдах 115 хуулийн өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй холбоотой танилцуулбал: Монгол Улсын бизнесийн хөрөнгө оруулалтын орчинд тулгарч байгаа бэрхшээл, хөрөнгө оруулалтын орчин ямар байгаад дүн шинжилгээ хийж хууль эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх нь Монгол Улсын эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах шаардлага үүсэж буй энэ цаг үед чухал. Бизнес хөрөнгө оруулалтын орчноо цэвэрлэх, эрх зүйн орчноо боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа.
Манай улс хөрөнгө оруулалтын ээлтэй байдлаар дэлхийд ямар үзүүлэлттэй байгаа тухай судалгаа байна.
Өнгөрсөн онд Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 184 улсаас 74 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Дунджаас дээш түвшинд байгаа ч хамгийн гол үзүүлэлт болсон хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээр байранд буюу хойно жагсжээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буюу Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан. Үндсэндээ 13 жил үйлчилж байгаа энэ хуулиар хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус дэмжлэг, татварын орчныг тогтворжуулах болон Засгийн газартай гэрээ байгуулах зэргийг зохицуулсан байдаг.
Одоо мөрдөж буй хуулийнхаа суурийг хадгалаад цаашид сайжруулах нэмэлтүүдийг өргөн барьж байна” хэмээлээ.
“Хөрөнгө оруулалттай холбоотойгоор Эдийг засаг, хөгжлийн яам дэргэдээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулсан. Өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд бүхий л салбар, улс орон болгоноор нь Монгол Улсад хөрөнгө оруулсан ААН, байгууллагуудыг урьж, уулзсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтын орчин, үүссэн гомдол маргаан, ялангуяа төрийн болон төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллагатай холбоотой гарсан гомдлуудыг бүртгэж нэлээд олон асуудлыг шийдвэрлэж зохицууллаа. Эдгээр ажлын үр дүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал байна” гэлээ.
Мөн манай улсад хөрөнгө оруулж буй гадаадын ААН, хөрөнгө оруулагчдад ээлтэй байгаа үзүүлэлт тааруу байгааг дурдаж, 184 улсаас 109 дүгээр байранд эрэмбэлэгдсэн буюу хойно жагсаж байгааг тэрбээр хэлсэн юм.
