МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар эргүүлэн томилжээ 

ССАЖЗ-ын сайдын тушаалаар балетчин, МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар эргүүлэн томилжээ.
Түүнийг өмнөх Ч.Номин сайдын үед ДБЭТ-ын захирлаар томилж ажиллуулсан бөгөөд тус байгууллагын Үйлдвэрчний эвлэл гэгдэх хүмүүсийн эсэргүүцлээр Ч.Ундрам сайд ажлаас нь чөлөөлж байв.
Д.Алтанхуяг фэйсбүүктээ:
“2026. 05. 29 нд гарсан Сайдын тушаал:
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар эргүүлэн томилогдлоо.
Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна.
“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хэмээх сайхан үг бий. Өнөөдрийг хүртэлх замналд минь итгэл үзүүлж, хамт байж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Албан тушаалд бус, урлагт хайртай сэтгэлээрээ сурсан мэдсэнээ эх орон, ард түмэн, ирээдүй хойч үедээ зориулан ажиллахыг эрхэмлэдэг.
Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхэн минь ганц хүний хүч биш, хамтдаа зүтгэсэн олон сайхан хүмүүсийн итгэл, дэмжлэг, нөхөрлөлийн үр шим юм. Амьдралын замд учирсан хүн бүрээсээ суралцаж, сайн сайхныг түгээн урагшлахыг хичээж ирлээ.
Амьдралд эхлэл ч бий, төгсгөл ч бий. Тиймээс өнөөдрийн энэ мөчид миний юу хэлэхийг хүсэж байгааг та бүхэн өөр өөрийн оюун бодлоор тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
Амьдралын мөч бүрийг үнэ цэнтэй өнгөрүүлж, бие биенээ хайрлаж, хүндэтгэн, хамтдаа бүтээцгээе” хэмээн бичжээ.

Screenshot

Д.Алтанхуяг нь 1993-2000 оны хооронд Хөгжим бүжгийн коллежид сонгодог бүжигчнээр суралцаж, 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ УДБЭТ-д гоцлол бүжигчнээр ажиллажээ. Улмаар 2002 онд Япон улсын “Асами Маки”, “Комаки балет” компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран, 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллаж байв. Харин “Монголын балетын хөгжил” санг 2010 онд байгуулжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn