Японы манга артист Tomato Soup-ийн “A Witch’s Life in Mongol” бүтээлээс сэдэвлэсэн “Jaadugar: A Witch in Mongolia” анимэ цувралын хоёр дахь үндсэн трейлер цацагдаж, нээлтээ хийх товоо албан ёсоор зарлалаа.
CyberAgent компани болон Science SARU студийн хамтын бүтээл тус анимэ 2026 оны долдугаар сарын 4-нд Японд нээлтээ хийх бөгөөд эхний өдөр дараалсан хоёр ангийг хамтад нь үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Шинэ трейлерээр мөн поп хамтлаг SEKAI NO OWARI-ийн дуулсан нээлтийн дуу болох “Stella”-г анх удаа сонсгосон байна.
Мөн шинэ трейлерийн хамт дөрвөн шинэ дүрийн жүжигчин болон үндсэн постерыг танилцуулжээ.
Нээлтийн өдрөөс өмнө үзэгчдэд зориулсан хэд хэдэн тусгай арга хэмжээ зохион байгуулагдах аж. Тухайлбал, зургадугаар сарын 13-нд Японы United Cinemas Aqua City Odaiba кино театрт эхний гурван ангийг урьдчилан толилуулах бол, долдугаар сарын 3-нд АНУ-д болох Anime Expo 2026 фестивалийн тусгай арга хэмжээний үеэр эхний хоёр ангийг үзүүлэхээр болсон байна.
Түүнчлэн тус бүтээл ирэх сард Францын Annecy олон улсын анимэйшний фестивальд оролцож, тусгай үзвэр үзүүлэхээр төлөвлөгджээ.
“Jaadugar: A Witch in Mongolia” анимэгийн үйл явдал XIII зууны Перс болон Монголын эзэнт гүрний үед өрнөнө. Гол дүр болох Шитара нэртэй охин Ираны эртний Тус хотоос Монголын байлдан дагуулалтын үеэр олзлогдон Хархорумд ирснээр түүх эхэлдэг. Зохиолын төвд түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн Фатимагийн дүрээс сэдэвлэсэн үйл явдлууд багтжээ.
Найруулагчаар “A Silent Voice”, “K-On!” бүтээлүүдээрээ алдартай Наоко Ямада болон “Dan Da Dan” анимэг найруулсан Абель Гонгора нар ажилласан байна. Харин Шитарагийн дүрд Акира Сэкинэ, Фатимагийн дүрд Хоуко Кувашима, Өгэдэй хаанд Хиро Шимоно, Толуй хаанд Рёота Сүзүки, Дөргөнэ хатанд Ами Кошимизү нар дуу оруулжээ.
