Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийлээ.

Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон  улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстан Улсын шатрын холбооны ерөнхийлөгч зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирж байгаа гэнэ.

Тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байгаа аж. Шатрын  Ази тивийн аварга шалгаруулах анхны тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан Монгол улсад энэхүү тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болно.

Эмэгтэйчүүдийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч, БНХАУ-ын Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчид ажээ.

Монголын баг тамирчид ААШТ-нээс гурван медаль хүртсэн нь ИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/ ИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), ОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авна.

ААШТ-ээнд:

  • Их мастер (GM) – 34
  • Эмэгтэй их мастер (WGM) – 12
  • Олон улсын мастер (IM) – 51
  •  Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
  • FIDE мастер (FM) – 32
  • Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
  • FIDE дэд мастер (CM) – 5
  • Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 оролцож байгаа аж.