Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

Монголын тэр дундаа Засгийн эрх баригч намын улстөрийн тэмцэл үргэлжилсээр байна. Эдүгээ энэ тэмцэл Нийслэл хотын удирдлагыг халж, сольж буй энэ үед үргэлжилж байна. Даваа гаригт Х.Нямбаатарыг Засаг даргаас албан ёсоор огцруулсан. Тэгвэл түүнээс өмнө өөрийн сайн дураар Засаг даргын 1 дүгээр орлогчийн суудлаас татгалзаад байсан Т.Даваадалайг өнөөдөр хорилоо.

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай нь “Туулын хурдны зам”, нэг болон хоёрдугаар тойрог зам зэрэг төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгааг мэдээлсэн. Түүнд улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг аваад байв.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас дээрх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих арга хэмжээ болгуулах саналыг шүүхэд гаргасан тухай мэдээлж байсан. Харин өнөөдөр уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр хянан хэлэлцээд Т.Даваадалайг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Шүүхээс гаргасан албан ёсны мэдээллийг хүргэе.

“Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Д-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Т.Д-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд яллагдагч Т.Д-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn