УИХ-ын чуулганаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Татварын хуулийн өөрчлөлттэй хамт өргөн баригдаж буй НӨАТ-ын тухай хууль дээр тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нэг талаас, Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Газар тариалан эрхлэгчид, малчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн компаниудад нийлүүлдэг. Гэтэл тухайн компаниуд нь дараагийн шатанд бүтээгдэхүүнээ худалдахдаа НӨАТ-ын баримт авах уу, үгүй юу гэхээр НӨАТ-гүй авъя гээд хямдхан авчихаж байгаа. Үүний улмаас зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүний дор хаяж 30 хувь нь НӨАТ-ын баримтгүй эргэлдэж байна.
Нөгөө талаас Монгол Улс хэрэглэгч орон. Манай хэрэглэж буй нийт бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь БНХАУ-аас импортлогдож байна. Гэтэл эдгээр барааны ихэнх нь гаалиар орж ирэхдээ жин ихтэй, үнэ багатай барилгын материал гэх мэтээр буруу мэдүүлэгдэн орж ирдэг. Дараа нь тэр бараанууд Нарантуул зах дээр төвлөрч, улмаар 330 сум руу тархдаг.
Анхнаасаа бичиг баримтгүй орж ирсэн бараанууд улс даяар НӨАТ-ын баримтгүй худалдаалагдаж байгаа учраас худалдаа, үйлчилгээний бодит бүртгэл хийх ямар ч боломжгүй болж байна. Уг нь НӨАТ-ын хууль бол бараа бүтээгдэхүүний хөдөлгөөн, борлуулалтыг бүртгэх үндсэн зорилготой хууль.
Гэтэл өнөөдөр энэ хуулийг төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл болгож хувиргасан. Үүний гол шалтгаан нь 10 хувийн өндөр татварын дарамт гэж харж байна. 2016 он хүртэл энэ асуудал төдийлөн хурцаар яригддаггүй байсан. Харин түүнээс хойш МАН 9 төрлийн татварыг нэмэгдүүлж, дээрээс нь олон төрлийн хураамж, төлбөрийг дахин дахин өсгөсөн. Энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийг шавхаж, НӨАТ өөрөө асар том дарамт болж хувирч байна” гэсэнд:
Сангийн сайд З.Мэндсайхан “НӨАТ-ын татвар төсвийн орлогын 20-оос дээш хувийг бүрдүүлж байгаа гол тогтвортой татвар. Дэлхий дахинд аваад үзэх юм бол НӨАТ-ын системтэй 175 орны дунд Монгол Улсын 10 хувийн хэмжээ харьцангуй доогуур тооцогдож байгаа. Манайхаас доош НӨАТ-ын татвартай 9 орон л байгаа. НӨАТ-ын татварыг 5 хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно” гэв.
