НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох тухай яриа 2023 оноос яригдаж, өнгөрсөн жил хуулинд тусгасан юм.
Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа уг асуудлыг дэвшүүлэн тавьж байсан бол Ерөнхий сайд болоод Сангийн сайд Б.Жавхлангаасаа эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэн татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг нь УИХ-аар батлуулсан байдаг.
Харин энэ удаа НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна хэмээн Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдууд нь ярьж, уг хуулийн заалтыг хүчингүй болгохоор УИХ-д хандаад байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Татварын багц хуулийн талаар Сангийн сайдын танилцуулгыг сонссоны дараа Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан.
Тэрбээр “Зарим улстөрчид НӨАТ-ыг 100 хувь буцааж олгоно гэж ярьдаг. Ингэвэл улсын төсөв чинь цөмрөөд унана. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна” гэсэн юм.
НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх санаачилгыг 100 мянга гаруй иргэн дэмжиж, D.parliament.mn системээр дамжуулан УИХ-д өргөн барьсан нь 2023 он. Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэдэд ирэх татварын ачааллыг бууруулж, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой гэж үзэж байсан. 2025 онд хуулийг баталсан ч хэрэгшжүүлэх хугацааг нь энэ оны 10 сар болгон хойшлуулаад байв. Тэгвэл одоо ийнхүү хүчингүй болгохоор ярьж байна.
НӨАТ-ын тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд өөрчлөлт оруулж буцаан олголтыг 5 хувь байхаар хуульчилсан. Тэгвэл Засгийн Газар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулий төсөл”-ийг өргөн мэдүүлэхдээ дагалдуулан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна.
