Орон сууцны хэрэглэгчид дулааны төлбөрөө ам.метрээр биш, бодит үнээр төлдөг болно

Монгол Улсын эрчим хүчний салбарт үр ашгийг дээшлүүлэх, зардлыг хэмнэх чиглэлээр цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдлээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн мэдэгдсэнээр, цахилгаан болон дулааныг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх бүхий л шатанд өртөг зардлыг 3-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавьжээ. Үүний тулд худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгож, салбарын хэмжээнд сахилга бат, хяналтыг чангатгах замаар үргүй зардлыг танахаар ажиллаж байна.

Мөн шинэчлэлийн хүрээнд цахилгаан хэрэглэгчдийг дулааны тоолууржуулалтад хамруулах ажээ. Улаанбаатар хотын нийт орон сууцны 53 хувьд дулааны тоолуур шууд суурилуулах техникийн боломжтой байгаа бөгөөд үлдсэн барилгуудын хувьд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа бүрэн гарчээ.

Энэхүү тоолууржуулалтыг нэвтрүүлснээр иргэд дулааны төлбөрөө ам. метрээр буюу тогтмол тарифаар бус, зөвхөн бодит хэрэглээгээрээ төлдөг шударга тогтолцоонд шилжих юм.

Түүнчлэн цаашид ашиглалтад орох шинэ барилгуудад дулааны тоолуур суурилуулахыг үндсэн шаардлага болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр иргэд гэр бүлийн төсвөө хэмнэх, нөгөө талаас эрчим хүчний системийн ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Засгийн газар

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn