Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан АН-ын бүлгээс авсан долоо хоногийн завсарлага өнөөдөр дууссан. Тиймээс тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтад УИХ-ын 90 гишүүн оролцож, 47 гишүүн нь дэмжсэнгүй.
Санал хураалтын өмнө УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн агуулга, үзэл санааг харахад өрсөлдөөнийг хумьсан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хумьсан, Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллагад төрийн эрх мэдлийг хэрхэн яаж шилжүүлэх вэ гэдэг ийм үзэл баримтлалтай төсөл болжээ гэдгийг гол оролцогч талууд хэлж, эсрэг байр суурьтай байгаа. Энэ бүгдээс харахад төслийг хууль санаачлагчид буцаагаад дахиж бизнесүүдийнхээ оролцоотойгоор төслийг эргэн өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй юм болов уу гэдэг байр суурь давамгайлж байсныг мэдээлэл болгож хэллье” хэмээсэн юм.
Ингэснээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлагчид буцаах тогтоол батлагдаж байна.
Мөн уг хуулийн төсөлтэй ижил утга агуулгатай хуулийн төслийг нэг жилийн хугацаанд өргөн мэдүүлэх эрхгүй болж буйг хуралдаан даргалагч онцоллоо. Ийнхүү 2025.12.17-нд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нарын өргөн барьж байсан хуулийн төсөлд үгүй гэлээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т, 25.1.2-т заасныг үндэслэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, шинээр бүлэг, зүйл, заалт оруулах зэргээр нэмэлт өөрчлөлт орсон учраас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсан 1995 оноос 2022 он хүртэл нийт үйлдвэрлэл 6.6 их наяд төгрөгөөс 28.5 их наяд төгрөг болж, Монгол Улсын эдийн засаг 4.3 дахин тэлсэн. Мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн тоо 1998 онд 7.8 мянга байсан бол 2022 оны байдлаар 79.4 мянга болж 10.2 дахин нэмэгдсэн. Түүнчлэн, эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оролцоо улам бүр нэмэгдэж, хувийн хэвшлийн нэгдэл, зохион байгуулалтыг сайжруулан төрийн бодлого, хууль, дүрэм, журам, шийдвэр гаргах явцад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагчид онцолж байсан.
Хуулийн төсөл нь 8 бүлэг 29 зүйлтэй бөгөөд төсөлд худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байсан юм. Тухайлбал олон улсын жишигт Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь тодорхой зохион байгуулалт, бүтэцтэй байгууллага бөгөөд улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг.
Иймд цаашид бүс нутгийн зарчмаар бус, аж ахуйн нэгжүүдийн явуулж буй үйл ажиллагааны чиглэл, онцлог, салбар зэргийг харгалзан үзэж эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг салбарын танхим тухайн аймаг, нийслэлд аймаг, нийслэлийн танхим тус тус байгуулан ажиллахаар тусгаж, чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойлсон гэж байсан юм.
Уг хуулийн төслийг дахин өөрчилж өргөн барих боломж ч байгаа билээ.
