“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гарган танилцуулсан.
Тус компани өнгөрсөн 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон. Энэхүү ашгаас Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсон ажээ.
Ийнхүү 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63 мянга 242 төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Тэгвэл энэхүү ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
