БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө

Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон тус яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.

Уулзалтаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Би Туулын хурдны замын ажлыг түр зогсоосон. Түр зогсоох нөхцөл байдал үүссэн байсан. Зөрчил илэрсэн учраас түүнийг арилгуулах шаардлагатай болсон. Төслийг бүр зогсоогоогүй. Байгаль орчны яам Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Тусгай хамгаалалттай газарт байгаль орчны хяналтын байцаагч нар өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлсэн. Түүнээс ажилд саад учруулаагүй.

Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгчид Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх үүрэгтэй. Улаанбаатарын иргэдэд энэ төсөл бүгдэд нь хэрэгтэй.

Бид ус, байгаль орчноо хамгаалах зорилготой иргэдийн санал, санаачилгыг үгүйсгэхгүй. Гэхдээ усаа хамгаалах нэрийн дор улстөржүүлж байгаа үйлдлийг ялгаж салгах хэрэгтэй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байсан тул сайдын шийдвэрээр Туулын хурдны замын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан. Энэ бол том төсөвтэй, байгаль орчинд нөлөөлөл өндөртэй төсөл учраас анхнаасаа хууль, журмын дагуу хэрэгжих ёстой. Иймд хууль хяналтын дагуу ажиллахыг хүсье” гэсэн.

Энэхүү төслөөр Туул голын дагуу нийт 32 км урт, зургаан эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дөрвөн дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэрийг хамарч байна.

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан байна.

Уг үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалахтай холбоотой нийт 14 төрлийн судалгаа, арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn