АНУ, Иран галаа зогсоож, Ормузын хоолойг нээснээр нефтийн үнэ буурч эхэллээ

АНУ-аас Иранд олгосон 48 цагийн хугацаа өнөө өглөө 08:00 цагт дууслаа. Хоёр тал хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоож, хэлэлцээр хийхийн сацуу Ормузын хоолойг нээхээр зөвшилцөж чаджээ.

Зуучлагч тал болох Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф гал зогсоох хэлэлцээр нэн даруй хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг мэдэгдлээ.
Шехбаз Шариф “Иран, АНУ-ын талууд холбоотнуудын хамтаар Ливан болон бусад бүх газарт шууд зэрэг гал зогсоохоор тохирсныг зарлаж байгаадаа таатай байна. Талуудыг дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гаригт Исламабад хотод бүх маргааныг шийдвэрлэх эцсийн тохиролцоонд хүрэх хэлэлцээнд урьж байна” гэжээ.

АНУ дараах нөхцөл болзлуудыг зөвшөөрсөн гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл мэдэгдсэн юм.

-Ираны эсрэг түрэмгийллээ давтахгүй байх баталгаа өгөх
-Ормузын хоолойд Ираны хяналтыг үргэжлүүлэх
-Уран баяжуулалтыг хүлээн зөвшөөрөх
-Бүх анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээг цуцлах
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн бүх тогтоолыг цуцлах
-Иранд нөхөн төлбөр өгөх
-АНУ-ын хүчнийг бүс нутгаас гаргах
-Бүх фронтод дайныг зогсоох зэрэг юм

Гал зогсоох тухай мэдээллийн дараа дэлхийн газрын тосны үнэ огцом уналаа. Брент маркын нефтийн үнэ 5.8 хувиар унаж, 103.42 ам.доллар болов. Харин АНУ-д арилжаалагддаг газрын тос 8.5 хувиар унаж, 103.25 ам.долларын үнэтэй болоод байна. Гэсэн ч эдгээр нь хоёрдугаар сарын 28-нд дайн эхлэхээс өмнөх үеийнхээс хамаагүй өндөр үнэ юм.

14 хоногийн хугацаатай гал зогсоож байгаа учраас түүний дараа хэрхэх вэ гэдэг тодорхойгүй хэвээр байна. Трамп үүнийг ялалт гэж зарлах уу? Эсвэл 14 хоногийн дараа дахин агаарын цохилт хийх үү? Мөн АНУ цаашид холбоотнуудтайгаа ямар харилцаатай байх вэ гээд олон асуулт бий.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn