Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.03.31/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Б.Түвшин нар оролцсон бөгөөд арга хэмжээг нээн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэв. Тэрбээр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болохыг тодотгосон юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү шинэчлэлийн гол цөм болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг онцлов.
Тэрбээр, танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа тайлбарласан. Ингэснээр одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхим гэсэн бүтэц дээр эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн “Салбарын танхим” болон гадаад улсад ажиллах төлөөлөгчийн газруудыг нэмж байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-аас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах бөгөөд энэ нь салбар бүрийн өвөрмөц асуудлыг төр засагтай мэргэжлийн түвшинд хэлэлцэх бодит “гүүр” болно гэж үзэж байна гэлээ.
Түүнчлэн Танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх шалгуурыг оруулснаас гадна төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг Танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж, хүнд суртлыг халах боломж нээгдэж буйг дурдаад, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөлж, бүх үйл явцыг бүрэн цахимжуулахаар төлөвлөснөө дуулгав. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх асуудлыг зөвхөн шүүхээр хэлэлцдэг болгож, өмчийн эрхийн хамгаалалтыг эрс чангатгаж байгааг онцолсон юм.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Татварын багц хуулийн төсөл болон Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр, татвар төлөгчдөд ирэх ачааллыг бодитойгоор бууруулж, бизнесийн орчинд шинэ эрч хүч авчирна гэдгийг тодотгов. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулна гэлээ. Харин уул уурхайн бус салбар аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн асар том боломж олгож, бизнесийн цар хүрээгээ тэлэх, шинэ ажлын байр бий болгох хамгийн том дэмжлэг болохыг тайлбарлалаа.

Уулзалтын хэлэлцүүлгийн хэсэгт бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөгийн эрх зүйн орчинд тулгарч буй бодит хүндрэл бэрхшээлүүдийг нээлттэй илэрхийлж, хуулийн шинэчлэлүүд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
