Монгол улс хүн худалдаалах гэмт хэргийн дамжуулах орон байснаа одоо оролцогч орон болсон гэв

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-ний хүрээнд хоёр талт хэлэлцүүлгийг тав дахь удаагаа өчигдөр Гадаад Хэргийн яаманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт манай улсын төрийн болон иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд, АНУ-ын талаас ЭСЯ болон зарим холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүн болон тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас 6.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, Дэлхийн Зөн Монгол болон Азийн сан бусад дотоодын түнш байгууллагуудад олгож, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

Төсөл нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг илрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой бөгөөд хамтын ажиллагаа, хамгаалалт, урьдчилан сэргийлэлт, хэрэг хянан шийдвэрлэх чиглэлд хэрэгжиж байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр, төслийн хүрээнд хүүхдэд ээлтэй мөрдөн шалгах ажиллагааг нэвтрүүлж, хүүхдээс дахин мэдүүлэг авахгүй байх, сэтгэлзүйн дарамтаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн хүүхэдтэй холбоотой хэрэг дээр ажиллах эмэгтэй мөрдөгчдийн тоо 17-оос 130 гаруй болж нэмэгдсэн байна.

Үр дүнд нь 2025 онд хүүхэд хохирсон хэрэг 18.2 хувиар, хүүхэд холбогдсон хэрэг 17.2 хувиар буурчээ.

Хүүхдэд ээлтэй 8 өрөө, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төвийг байгуулжээ. Цаашид цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд анхаарч, “365” аяныг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Мөн өнгөрсөн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилд ахиц дэвшил гарсан. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утас, Түр хамгаалах байр гэж бий. Тус төвийн дэргэд Гэрэлт наран гээд бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд тусламж үзүүлэх төвийг байгуулаад, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч 90 хүүхэд байрласнаас 34 хүүхэд нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байсан. Эдгээр хүүхдүүдтэй мэргэшсэн алба хаагчид ажиллан дахин хохирох, дахин сэтгэцийн гэмтэл авахаас сэргийлэн ажиллажээ.

Ийм төрлийн гэмт хэргийг шалгахад тодорхой хугацаа шаарддаг. Хэргийг шалгах хугацаанд дахин хохирогч болохгүй байх, давхар гэр бүлийг нь хөгжүүлэх ажлыг энэ төвөөр дамжуулан хийж байгаа ажээ.

Хүүхдээс мэдүүлэг авахад тусгай ярилцлага хийх тусгай гурван төвийг төслийн хүрээнд байгуулсан байна. Зөвхөн үүгээр хязгаарлахгүй 21 аймаг, есөн дүүрэгт 14 тусгай өрөөг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын төсөв, Хүүхэд хамгааллын байгууллагуудын төсөв, сайн дурынхны төсвөөр байгуулсан аж.

Мөн нэг асуудал нь хүн худалдаалах гэмт хэрэг, хэргийн хохирогчийн асуудал маш удаан шалгагдаж байгаа аж. Мөрдөн байцаах ажиллагаа удааширснаас болоод хүүхэд байхдаа хохирсон хэрэг насанд хүрсэн хойно нь шалгагдаж дуусаж байна. Жишээ нь,14, 15, 16 настай өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж хэрэг нь шийдэгдэхгүй 2-3 жил болохоор насанд хүрчихдэг байна.

Тэгэхээр насанд хүрэгчдийн үйлчилгээ ээлтэй байж чадах уу гэдэг асуудал яригддаг байна. Хүүхэд насандаа гэмт хэргийн хохирогч болсон бол хүүхэд насанд нь хэргийг шалгаж дуусгаад, хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх тал дээр хэргийг шалгах ажиллагааг хурдавчлах боломж байна уу гэдэгт чадавхаа бэхжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг мэргэжилтэн ярьж байлаа.

2020 онд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргийн дамжуулах орон байсан бол одоо энэ төрлийн гэмт хэргийн оролцогч орон болсон гэнэ. Ийм төрлийн гэмт хэргийг нэг хүн үйлдэх боломжгүй, бүлэглэн үйлддэг мафийн шинжтэй аж.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn