Монгол цэрэг мянга мянган жилийн түүхтэй

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Бахархалтай, олон эрчүүдийг сайн сайхан явснаа, яваагаа дурсаж өнгөрүүлдэг түүхэн өдөр.

Энэ өдрийг тэмдэглэх болсон нь 1946 оны 5 дугаар сарын 28-тай холбогдоно. Тэр өдөр хуралдсан БНМАУ-ын Бага хурлын 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоолыг гарч байжээ.

Энэ тогтоолд 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Ардын хувьсгалын голомт Хиагт буюу Алтанбулагийг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан учраас “Хувьсгалт цэргийн баяр”-ыг энэ өдрөөс эхлэн тооцож, тэмдэглэдэг болгосон утгатай.

Саяхан 20 гаруйхан жилийн өмнө буюу 2003 оны 12 дугаар сарын 18-нд УИХ-ын баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон.

Харин ингэж тэмдэглэх нь утга зүйн дутагдалтай хэмээн үзэж, батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай асуудлыг боловсруулж баталсан.

 

Монгол цэргүүд эдүгээ Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт гар бие оролцон монгол цэргийн ур чадварыг харуулсаар байгаа билээ.

Монгол цэрэг өдөртэй байх нь зүйтэй ч 100 гаруйхан жилийн ядмаг түүхтэй бишээ.

Төв Азийн нүүдэлчин түмний өлгий болсон Монгол нутагт хэдэн мянган жил эр цэргүүдийнхээ сайнаар аж төрж, улс гүрнээ удаа дараалан үүсгэн байгуулж, мандуулан хөгжүүлж ирсэн түүхтэй.

Монголын төрт ёс хэмээн бидний үзэж үүх түүхэндээ үлдээж ирсэн Хүннү гүрэн гэхэд цэргийн хүчээр өмнө этгээдээрээ төр улсаа хүлээн зөвшөөрүүлсэн түүх тэртээ 2228 жилийн өмнө тохиожээ. Модун шаньюй МТӨ 209 онд улсаа байгуулсан. Түүний цэрэг асар хүчтэй байсныг өмнөд хөрш ч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж байсан нь бий.

МТӨ 198 онд Хань улсын хаан “Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана… Хань улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм” хэмээн Хүннүгийн хаанд батлаж байсныг түүхийн сурвалж бичиг нотолдог.

Тэгвэл одоогоос  800 гаруй жилийн тэртээх Их Монгол улсыг байгуулсан Чингис хаан морьт цэргийн хүчээр л асуудлыг шийдвэрлэсэн.

Дэлхийн түүхэнд Ази, Европыг бараг нэгэн буулганд оруулсан түүх Чингис хаан, түүний жанжид, үр ач нараас өөр хэн нэгэнд байхгүй. Тэр үед залуу бүсгүй “алтан тэвш” дүүрээд улс даяар ямар ч хамгаалалтгүй зорчиход аюулгүй байсан хэмээх домог бий. Энэ нь тухайн үеийн хууль цааз маш чанд, цаашлаад монгол цэргийн сүр хүч хэчнээн байсны илрэл билээ. Монголын их түүх эр цэргийнхээ сүр хүчинд тогтож ирснийг Их зохиолч Д.Нацагдорж тэртээ 1936 онд өөрийн шүлэгтээ дурдан тоочсоныг энд дахин дурдах ёстой байх.

“ТҮҮХИЙН ШҮЛЭГ”

Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,

Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан,

Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон,

Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хитан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,

Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан

Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа

Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,

Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.

Хэдий Манжид эзлэгдэн үндэстний хувьд доройтсон ч удаа дараа Дайчин гүрнийг нь хөнтөрчих шахаж ирээд 1911 онд Монгол улсаа сэргээн мандуулсан. Түүгээр ч үл барам, 1912 онд монгол цэргийнхээ хүчээр Ховд хотоо чөлөөлж, 1913 онд өмнөд монгол руу “Таван замын цэрэг” мордуулж өвөг дээдсийнхээ хил байсан Цагаан хэрэмд тултал байлдаж явсан Монгол цэрэг мянга мянган жилийн настай.

Эцэст нь өгүүлэхэд олон мянган жилийн түүхгүй зарим нь маний түүхийг булаалдаж явахад манайх эсрэгээрээ 100 гаруйхан жилийн түүхэнд бялуурч суух.

 

О.Ганхуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn