Сүүлийн хэдэн өдөр Ц.Хулангийн МЗЭ-ийн Их чуулган дээр ирсэн явдлаас улбаатай “тагнуул”-ын хэргийн тухай сошиалд шуугиан үргэлжилж байна.
Манайд тагнуулын хэмээх ийм хэрэг үе үе гарч ирсэн. Ц.Хулангийн тухайд 2023 онд баривчлагдаж гурван шатны шүүхээр 9.6 жилээс 8.1 жил хорих ялыг оноосон байдаг. Ингээд өнгөрсөн 2025 оны улсын баяр нааадмын өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлснээр сулласан. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн учраас төрийн тэргүүн уучлал үзүүлсэн гэдэг ойлгомжтой. Ц.Хулан гарснаасаа хойш би ямар ч буруугүй хэмээж байгаа. Мөн түүнийг хамгаалагчид зүгээр нэг яруу найрагч ямар юмных нь тагнуул байдаг юм хэмээн хамгаалах. Гэхдээ Ц.Хулан зүгээр л нэг яруу найрагч байсангүй. Х.Баттулга Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөхөөр 2017-2021 онд ажилласан мэдээлэлд ойр нэгэн байлаа.
Ц.Хулан болон Б.Отгонбаатар лам нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж ялласан юм. Тэд X Богдыг тодруулсан үйл ажиллагааны эсрэг ажилласан гэх. Тэгвэл яг үүнтэй адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дэх зүйлийн 1-ээр яллагдсан Ч.Мөнхбаяр эдүгээ хоригдсоор байна. Түүний тухайд кейс нь арай л өөр.
Модернист зохиолч, сэтгүүлч Ч.Мөнхбаярыг “… гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан хэмээн тагнуулынхан мэдэгдэж байлаа. Харин өмгөөлөгчид нь түүнийг улсын нууцыг мэдэх ямар ч боломжгүй иргэн. Түүнийг улстөрийн захиалгатайгаар, сүр дуулиантай баривчилсан” хэмээж байв.
Ч.Мөнхбаярыг ийнхүү баривчлан хорьж ялласны цаана Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрш БНХАУ-д айлчилсантай холбоотой хэрэг явдал, Багануурын Цахилгаан станц барих тухай асуудал гэх мэт байсан гэцгээдэг. Дүү нь энэ тухайд “Сэтгүүлч Ч.Мөнхбаярыг Ц.Даваасүрэн гишүүний туслах байсан, тэгээд “станц гацаасны” төлөө хоригдож байгаа мэтээр гүтгэн гүжирдэж.
Жирийн эгэл нэгэн сэтгүүлч хүн улсын хэмжээний том төслийг гацаах ямар ч эрх мэдэл байхгүй, боломж ч байхгүй. Ч.Мөнхбаяр Өмнөд Монгол дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж, монгол хэл соёлыг хамгаалсныхаа төлөө “Энэтхэгийн даалгавраар Хятадын эсрэг ажилласан” гэх ямар ч учир утгагүй хилс хэргээр ял эдэлж байгаа шүү. “Монгол улсын эсрэг” биш “Хятад улсын эсрэг” ажилласан гэж, Монгол улсад ял эдэлж байгаа гэдгийг ахин дурдмаар байна…” хэмээсэн байдаг.
Түүнийг мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дэх зүйлийн 1-ээр ялласан. Ингэхдээ 10 жилийн хорих ялыг эдлүүлэхээр шийтгэсэн нь хэрэгжээд явж байгаа.
Энэ хоёр хэргийг харахад л Ц.Хулан Монголын эрх ашигийн эсрэг ажилласан бол Ч.Мөнхбаяр Монголынхоо эрх ашгийн төлөө тэмцэж яваад яллагдаж хоригдсон нь тодорхой. Гэвч тэрбээр 4 дэх жилдээ хоригдсоор. Ч.Мөнхбаяр өөрт нь оноосон шударга бус шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй учир Ерөнхийлөгчөөс уучлал эрээгүй нь тодорхой байна.
