Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр дараах мэдэгдлийг хийжээ. Тэрээр,
“Шатахуун импортлогч ААН-үүд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар ард иргэдийн өргөн хэрэглээний шатахууны хэрэглээг бүрэн хангах үүрэгтэй. Хилээр орж ирж буй импортын 11, 12 сарын хэмжээ хэвийн байгаа!
Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, салбарын сайд ОХУ-руу сүүлийн таван сарын хугацаанд хоёр удаа очиж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд нартай уулзаж тохиролцоонд хүрсэн.
Бидний гол импортлогч ОХУ манай хэрэглээний 95 хувийг хангадаг. Хэдий ОХУ-ын дотоодын нөхцөл хүндэрсэн ч бидний хэрэглээг 100 хувь хангаж байгаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод 247 ШТС-аас 100 орчим нь дизель түлш байхгүй байна. Орон нутагт 50 гаруй суманд дизель түлш байхгүй. Хэзээ ийм байсан юм.
Ард иргэд чинь тэнэг биш шүү дээ. Төр засгийн зүгээс авч болох бүх арга хэмжээг авч байгаа. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Үнэхээр болохгүй бол төр үүнд оролцоно.
Зуд турьхантай байгаа үед өчнөөн асуудал байна.
ААН-ийн өмчийг авах гээд байгаа зүйлгүй. Хуваарилалтыг зөв болгох гээд байгаа юм. Бид ардчилсан орон. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн дээр ашгаа хэт их бодож байгаа бол төр ч гэсэн ард иргэдээ бодож чадна” гэжээ.
