УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэх “Харбин”-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулсан.
15 жил гаруй гацсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хятадын төмөр замтай холбогдох хил холболтын төмөр замын гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БНХАУ-ын Харбин хотноо тэдний талтай байгуулсан.
Тэгээд Л.Оюун-Эрдэнийг огцорсоны дараахнаас ерөнхийлөгч агсан Н.Энхбаяр болон зарим гишүүд уг гэрээгээр асар их алдагдал хүлээхээр болсон тухай ярьж эхэлсэн байдаг. Хятадын тал манайд санал тавихдаа нүүрсний үнийг 5 доллараар буулгаж хөнгөлүүлэх асуудлыг тавьсан ч манайхан 50 хувиар буулгах гэрээг хийсэн гэж тэд үзэж буй.
Тиймээс уг гэрээг нууцын зэрэглэлд оруулсан явдлыг шалгаж үнэн мөнийг нь тогтооно гэж үзэж буй. Тиймээс УИХ-д уг гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг тавьсан билээ.
Гэвч Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Ухаа худагийн асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулах асуудал өмнө нь хэлэлцэгдсэн. Тэдний санаачилгыг УИХ-аар дэмжигдээгүй тул дахин нэг түр хороо байгуулах зай гарч ийнхүү УИХ-аар дээрх түр хорооны асуудлыг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх гэж байна.
Мягмар гарагт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх бол баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаа аж.
