Хансүр, гавж Ё.Амгалан: Эцэг, эхийн ачийг хариулья гэвэл зөв сэтгэлтэй байх хэрэгтэй

 Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их дүйчин өдөр тохиож байна.
Энэ өдөр Хансүр, гавж Ё.Амгалан багш дараах айлдварыг Гэгээрлийн суурь сошиал хуудсаараа айлджээ.
Ачит багшийн айлдвараас:
Эх гэдэг хүн ямар ачтай вэ гэдгийг сайн тунгаагаад үз. Ээж хүн хүүхдээ тээж төрүүлээд ангир шар уургаа хөхүүлж, шөнө уйлахад нь хэдэн ч удаа хамаагүй нойроо харамлалгүй босон хуурайлаад, хоолоо идэж чадахгүй үед өөрөө зажилж аманд нь хийж өгч, аль болох цэвэрхэн, хуурай дэвсгэр дээр хэвтүүлээд л өдөр шөнө ялгалгүй хэзээд ч бүхий л чадлаараа энхрийлэн өсгөдөг.
Тэгээд энэ биеийнхээ махаа барж, эцтэл хөдөлмөрлөсөн эд хөрөнгө тэргүүтэй бүхий л сайн сайхан зүйлээ үр хүүхэддээ л зориулдаг. Ийм хүн ачтай биш гэж үү?
Бид юунаас үүсч, хэнээс төрж, хэний ачаар хүн болсноо үргэлж санах хэрэгтэй.
Эцэг эх нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч гэсэн ачийг нь санах хэрэгтэй. Миний ээж, аав надад ямар их ачтай юм бэ, гэтэл би тэднийгээ хэр ачилсан билээ, тэдэндээ сайн юм хийсэн үү гэх мэтээр тунгаан бодоход нулимс гарч, энэрэн байвал хамгийн зөв сэтгэл төрж байгаагийн шинж шүү.
Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэлийг нь тайван байлгаж, үгэнд нь орох хэрэгтэй. Үр хүүхдээ буруу юманд сургадаг эцэг эх ховор шүү. Эх эцэг нь үр хүүхэдтэйгээ холбоотой учраас хүүхдээ яаж явахыг нь мэддэг. Тиймээс эцэг эхийнхээ сургаал үгийг үргэлж сонсох хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn