Мальдив улс 2007 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш төрсөн залуусыг тамхи татахаас бүрэн хориглосон бөгөөд ингэснээр үндэсний хэмжээнд “үеийн тамхины хориг” хэрэгжүүлсэн дэлхийн цорын ганц улс болж байна.
Энэхүү арлын улсын Эрүүл мэндийн яам өнгөрсөн бямба гарагт мэдэгдэхдээ, улсын нутаг дэвсгэрт залуу үеийнхэн тамхи хэрэглэх, худалдах, худалдан авахыг хууль бусаар тооцох болно гэжээ.
Яамны мэдэгдэлд:
“Энэ хориг нь залуусыг тамхины хор хөнөөлөөс хамгаалахад чиглэсэн Засгийн газрын хүчтэй шийдвэр, эрмэлзлийг илтгэнэ” гэж дурдсан байна.
Мөн Мальдивын Тамхины хяналтын зөвлөлийн дэд дарга Ахмед Афаал BBC World Service-ийн Newshour нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Тус улсын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн вейп буюу цахилгаан тамхины ерөнхий хориг нь
“тамхи хэрэглэхээс ангид, эрүүл иргэдийн шинэ үеийг бий болгох чиглэлд хийсэн сайн алхам” байсан гэж онцолжээ.
Шинэ хориг нь “тамхины бүх хэлбэрт хамаарах бөгөөд жижиглэн худалдаачид худалдаалахаасаа өмнө насыг нь баталгаажуулах шаардлагатай” гэж Эрүүл мэндийн яам мэдэгдээд, энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Тамхины хяналтын хүрээний конвенцийн дагуух Мальдивуудын үүрэгтэй нийцэж байгааг нэмж хэлэв.
НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр энэхүү конвенц нь “Дэлхийн хэмжээний асуудал болох тамхины тахал өвчинд дэлхий нийтийн хариу арга хэмжээ авч байна” гэжээ.
Ноён Афаал хэлэхдээ, тус улсын вейп-тэй тэмцэх арга хэмжээ нь “эдгээр шинэ загварлаг төхөөрөмжүүд нь залуу үеийнхнийг донтуулах үйл явцыг эзэмшихэд чиглэсэн салбарын тактик бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндэд гарцаагүй хор хөнөөл учруулдаг” тул чухал эхний алхам болсон гэжээ.
Өнгөрсөн жил Мальдив улс нас харгалзахгүйгээр электрон тамхийг импортлох, худалдах, эзэмших, ашиглах, түгээхийг мөн хориглосон.
Мальдивын арлуудад зочлохоор ирсэн жуулчид мөн хуулийг дагаж мөрдөх ёстой бөгөөд тамхи татахыг хориглох нь аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй гэж албаны хүмүүс мэдэгджээ.
“Хүмүүс тамхи татаж чаддаг учраас Мальдив руу ирдэггүй. Тэд далайн эрэг, далай, нар, цэвэр агаар авах гэж ирдэг” гэж тэр нэмж хэлэв.
Аялал жуулчлалын мэдээллийг иш татан ноён Афаал шинэ журам гарсан ч жуулчдын цуцлалт гараагүй бөгөөд өнгөрсөн жил ирсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн гэж үзэж байна.
“Бид ирэх жил 2 сая гаруй жуулчин ирнэ гэж тооцоолж байна” гэж тэр хэлэв.
