“Шинэ тэнгэр газар” нэртэй сүмийн хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, дараах зүйлийг ярилаа.
Тэд дараах зүйлийг ярив.
Манай ээж энэ сүмд 2024 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Эхлээд сэтгэл зүйн сургалтад явж байна гэсэн.
Настай хүн учраас бид зөвшөөрсөн.
Удалгүй ээж маань намайг сүмдээ явахыг шаардаж эхэлсэн.
“Чи явбал дүү нар чинь явна” гээд шахаж эхэлсэн. Явахгүй болохоор худлаа ярьж дууддаг болсон.
Бурхан нь цаанаас нь дуудаад байгаа учир гэж тайлбарладаг болсон. Сүүлдээ биднийг “Чи Сатаны сүнс, Сатаны шээснүүд” гэж харааж эхэлсэн. “Би мөнх насална, та нар аврагдмаар байна” уу гэж сонин, сонин юм ярьж явсаар байгаад энэ жилийн есдүгээр сарын 16-ны өдөр сүм дээрээ бурхан болсон.
49 хоног нь өчигдөр дууссан учраас бид бусдад сэрэмжлүүлж хэвлэлийн бага хурал хийхээр шийдсэн. Ийм байдалтай ээжийгээ алдсандаа маш их харамсаж байгаа. Тиймээс энэ муухай урсгалыг болиулах үүднээс энэ мэдээллийг хийж байна. Цаашдаа олон хүн битгий хохироосой.
Энэ урсгал нь Монголд “Монгол сувд сүм” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг “Шинэ тэнгэр газар” гэж бий. Манай улсад орж ирээд 10 гаруй жил болсон байна.
Гадуур явж байгаа хүмүүсийн тархийг угааж татсаар нийтдээ 12 мянган хүнтэй болсон гэсэн.
Маш олон салбартай . Ээжийн хэлж буйгаар энэ газар нь хүмүүсийг “Хувь хүний хөгжлийн сургалт, сэтгэл засал, англи, солонгос хэлний үнэгүй сургалт, виз гаргана” гээд элсүүлдэг гэсэн. Ингээд яваандаа “Библи” судлах ёстой гээд Библийн номлолоо зааж эхэлдэг. Тэгээд яваандаа “Бурхан бий” гэж итгүүлдэг. Мөн настай хүмүүсийг “Мөнх насална. Та нар үхэхгүй” гэж тархийг нь угаадаг. Хэрвээ сүмээс явбал “Үр удмаараа үхнэ. Та нар аврагдахгүй” гэх мэтээр айлган сүрдүүлдэг.
Олсон орлогоосоо 10 хувийг хандивлахыг шаарддаг. Тэр мөнгөө авахын тулд “Та бурханыг хуурвал, бурхан таныг хуурна. Бурхандаа үнэнч байгаарай” гэх зэргээр эдийн засгаар нь боомилж эхэлдэг. Би ээждээ “Энэ сүм чинь мөнгө угаалт юм биш үү” гэж хэлсэн ч тоогоогүй.
