
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр монголчууд тамирчдынхаа амжилтаар бахархцгаав. Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс одоогоор нэг мөнгөн медаль хүртээд байна. Тэгвэл энэ дунд ойлгомжгүй асуудал ч бас харагдсаныг нуух юун.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн чөлөөт бөхийн тамирчин Т.Тулга хэдийн МУГТ болсон аж. Тэгвэл бүр 2023 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн/тэр тусмаа монголын эмэгтэй боксчдоос хамгийн анхны/ 48 кг-ийн тамирчин Л.Алтанцэцэг гавьяат биш аж. Гэтэл тэр энэ удаагийн ДАШТ-нд дахин медалийн тавцанд зогсож, хүрэл медалиар энгэрээ цоолоод байна. Монголын чөлөөт бөхийн болоод боксын холбооны ажил эндээс л харагдах байх.
Л.Алтанцэцэг хэмээх тамирчин бүсгүй маань энэ удаа дахиад л анхдагч боллоо тэр энэ удаа хүрэл медаль хүртэж монголын эмэгтэй боксчдоос анхны хос медальтан болж байгаа нь энэ.
Энэ тухай Монголын боксын холбооны мэдээлэлд “Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш, харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, үнэнчийн үлгэр жишээ юм.
- Авто ослын дараа буцаад эргэн ирж чадсан нь өөрөө том ялалт.
- 2023 онд Монголын эмэгтэйчүүдийн боксын түүхэнд анх удаа финалд гарсан нь түүхэн мөч болсон.
- Олимпын эрхийн өмнөх бэртлээ үл харгалзан дүү нартаа зам тавьж өгсөн нь спортын ёс зүй, хүн чанарын илэрхийлэл.
- Одоо дахин дэлхийн дэвжээнд медаль хүртэж байгаа нь түүний хатуу чанга зүрх сэтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр шим.
- Дорнод аймгийн бүсгүй үнэхээр Монголын эмэгтэй боксчдын шинэ үеийг нээсэн, залуу тамирчдад үлгэр жишээ болсон тамирчин билээ” гэж өгүүлж.