
Австрали улсад хийгдсэн урт хугацааны “Ten to Men” судалгаагаар эрэгтэйчүүдийн гуравны нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа хамтрагчаа сэтгэл санаа болон бие махбодиор хүчирхийлж байсан гэж мэдүүлсэн нь гэр бүлийн хүчирхийлэл хэр түгээмэл байгааг харуулжээ. Энэхүү судалгаа нь дэлхийд анхдагч бөгөөд дүн шинжилгээгээр гэр бүлийн хүчирхийллийг бууруулах шинэ боломжит аргуудыг гаргажээ.
Австралийн Гэр бүлийн Судалгааны Хүрээлэнгийн дүгнэлтээр, хүү болон эцэг хоорондын дулаан, халамжтай харилцаа нь хожим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг 48 хувиар бууруулж байжээ. Энэхүү харилцаа нь хүүгийн сэтгэл хөдлөлийг зөв илэрхийлэх, асуудлыг тайван аргаар шийдэх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.
Мөн найз нөхөд, хамт олон, ойрын хүрээллийнхнээсээ сэтгэл санааны тусламж авдаг хүмүүсийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх магадлал 26 хувиар бага байжээ.
Харин сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, тэр дундаа депресс нь хүчирхийллийн эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг. 2013–2014 онд дунд болон хүнд хэлбэрийн депрессийн шинж тэмдэг илэрсэн эрчүүдийн дунд 2022 он гэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үзүүлэлт 32–62 хувиар өндөр байсан бол амиа хорлох бодол, оролдлого хийж байсан хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 47 хувиар өндөр байжээ.
Судалгааг удирдсан доктор Шон Мартин “Эрэгтэй хүний сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах нь зөвхөн хувь хүнд төдийгүй түүний гэр бүл, нийгэмд ч эерэг үр нөлөөтэй. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хувь хүний асуудал төдий бус, харин харилцаа, соёл, хандлага, нийгмийн бүтэц, сэтгэл зүйн хүчин зүйлсийн огтлолцол дээр үүсдэг, маш нарийн нийлмэл үзэгдэл” хэмээн онцолжээ.
Австралийн Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн комиссар Микаэла Кронины хэлснээр энэ судалгаа бодлого тодорхойлогчдын ажилд нотолгоонд суурилсан бодлого гаргах суурь болно гэж үзжээ. Тэрээр “Хүчирхийлэлд хүргэдэг замыг илүү сайн ойлгож, хамгаалах хүчин зүйлсийг нээж, тэдгээрийг дэмжих нь бодлого боловсруулахад чухал” гэж хэлсэн байна.
Түүнчлэн “эцэг болон хүүгийн ойр дотно, халамжтай харилцаа” хүчирхийллээс сэргийлэх хүчтэй суурь болохыг энэ судалгаа баталжээ.
Австралийн Засгийн газар 2022 онд гэр бүлийн хүчирхийллийг “нэгэн үеийн дотор” бүрэн зогсооно хэмээн амласан бөгөөд үүний хүрээнд 4.7 тэрбум долларын таван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: www.theguardian.com