
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “2025 оны зургадугаар сарын 5-нд УИХ-аас утаа гаргадаг нүүрсэнд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэсэн тогтоол гаргасан. Гэтэл 5 хоногийн дараа Нийслэлээс 226 тэрбум төгрөгөөр нүүрсэн түлш худалдаж авах тендэр зарласан байна. Яагаад УИХ-ын тогтоолыг тоохгүйгээр тендер зарласныг ойлгохгүй байна. Хууль бүгдэд үйлчлэх ёстой” гэж мэдээлжээ.
Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар уг асуудалд хариу тайлбар өглөө. Тэрээр “Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартсаны улмаас нас барсан.
Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сайжруулсан түлшнээс татгалзах шийдвэр гаргалаа. Өндөр илчлэгтэй, угааж чанаагүй ийм нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэх эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт ч гарсан. Би зөвхөн хагас кокс нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн Үндэсний Хорооны шийдвэрийг л биелүүлж байгаа.
Багануурт “Эрдэнэс Монгол”-ын харьяа нэгтгэлүүдийн хүрээнд хагас коксын үйлдвэр байгуулна гэдэг бол яриа төдий л байгаа зүйл. Энэ баригдахад хамгийн багадаа 30-аас дээш сар болно, тэр болтол яах вэ гэдэг асуудлыг л ярьж байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал бол эрдэмтэн биш, сөрөг хүчний улс төрч бол эсэргүүцэх байр суурийг л дагана. Намайг тогтоол зөрчсөн гэж байвал холбогдох газар нь өг, амаараа л ярьцгаагаад байх юм” гэлээ.
Хотын даргын ярьж буйгаар, 226 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг авах тендер 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдөр зарлагдсан. Сайжруулсан түлшний үйлдвэр болох “Таван толгой” компанийн түүхий эд, материал гэх зэргийг шингээсэн нийт зардалд 300 тэрбум төгрөг буюу 80 гаруй сая долларын хэмнэлт үүсгэх тооцоо судалгааг гаргасан гэх мэдээллийг өглөө.
Б.Номин-Эрдэнэ