Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай наанатай,цаанатайгаа зөвшөөрч, жүжигчин О.Дөлгөөнийг тас үгүйсгэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчинг бий болгохын төлөө л Засгийн газар ажиллаж байгаа гэнэ.
Гашуун Сухайт-Ганц модны боомтын төмөр зам гацсан шалтгаан нь “Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш” гэнэ. Хэдийгээр төмөр зам гацсан ч “Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа” хэмээн өмнө сошиалаар цацагдсан олон мэдээлэлтэй нэг байр сууриа илэрхийлжээ.
Ерөнхий сайд хэдийгээр итгэл үнэмшлээрээ баялгийн хуваарилалтыг оновчтой болгох нь хэмээн хэлж болох ч “ Энэ бүхнийг Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ” гэх маягаар дүйвүүлжээ.
Гэхдээ “Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.
Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү. Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү” хэмээн ярьжээ.
Харин жүжигчин Дөлгөөнтэй холбоотой гэх асуултад “Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ” гээд инээжээ.
Түүнийг “Данх”,”галч” зэргээр доромжилдог нь Элбэгджорийн хийж буй ажил гэнэ. “Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө мөнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж ярьдаг байсан биш бил үү” хэмээжээ.
Түүнчлэн “Стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд Ц.Элбэгдоржийн л бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…” гэхчилэн ярьжээ.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn