“Парис-2024” паралимпад эх орныхоо нэрийг дуурсгаж, Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд алтан медалийн эзэн болсон У.Сүрэнжавт Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хоёр өрөө байр бэлэглэж, өчигдөр батламжийг гардуулжээ.
У.Сүрэнжав нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөгөөд паралимпын спортын түүхэнд Монголын анхны эмэгтэй аварга болсон түүхэн дээд амжилтыг үнэлж төрөлх нутгийнх нь төлөөлөл ийнхүү шагнажээ.
Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил батламж гардуулах үедээ “ Завхан нутгийн ард түмэн таны ялалтыг өндрөөр үнэлж, бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэж онцолсон байна.
Б.Мөнх-Оргил нь Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны сүүлээр сонгогдсон бөгөөд удирдах бүрэлдэхүүнээ шинэчилж, үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа юм.