Парагвай улсын Асунсион хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өв Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.
Энэхүү өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр сүүлийн гурван жилийн турш судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулан, ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд манай улсад ирж, нүүдлийн соёлын өвийг судалсан бөгөөд эрдэмтэн судлаачид, мянга мянган малчдын оролцоо, дэмжлэгтэйгээр уг өвийг үнэлэн, батламжиллаа.
Ингэснээр “Монгол нүүдлийн зан үйл” нь Монгол Улсын ЮНЕСКО-д бүртгэгдсэн 16 дахь өв болж, хүн төрөлхтний соёлын үнэт баялгийн нэг болж байна.
Эх сурвалж: Соёлын яам