Засгийн газраас 2025 оны Улсын төсвийг УИХ-д дахин өргөн барихдаа зардлыг 2.3 их наядаар танаж оруулж иржээ. Ингэснээр түүхэндээ байгаагүй 35.8 их наядын зарлагаас 2.3 их наядыг нь Засгийн газар хасахаар болж байна.
Ирэх оны төсвийн зарлага өндөр болсны нэг учир шалтгаан нь Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа 14 мега төсөлтэй холбоотой. Тэгвэл дахин оруулж ирсэн төслөөр ямар ч байсан ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зүтгүүлсэн Үндэсний хиймэл дагуулын 211.6 тэрбум төгрөгийг танаж оруулж иржээ. Ингэснээр ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тайлбарласнаар Монгол Улсын хаана ч орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсэх, хэн ч хаанаас ч интернэтэд холбогдох боломж хойшилж байна. Мөн Монгол Улс сансарт замтай болох асуудал хойшилж байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь Монгол Улсаа сансарт өөрийн гэсэн замтай болгоход ямар ч байсан 220 сая доллар буюу монгол төгрөгөөр 836 тэрбум гэсэн. Цаашдаа хиймэл дагуулын хөөргөлт, ашиглалтын зардал гээд нэг их наяд давах тооцоо бий.
Үндэсний хиймэл дагуулын нийт өртөг: 220 сая доллар (836 тэрбум төгрөг).
Үүнээс:
- 82 сая доллар (311 тэрбум төгрөг): Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр
- 124 сая (471 тэрбум төгрөг): ОУ-ын банкуудын арилжааны зээлээр
- 68 тэрбум төгрөг: Улсын төсвөөс (Энэ нь дээрх арилжааны зээлийн урьдчилгаа)
Энэхүү 68 тэрбумыг улсын төсөвт суулгасан хэмээн өмнө нь мэдээлж байсан. Гэвч Төсвийн төслийг дахин оруулж ирэхдээ хиймэл дагуулын 211.6 тэрбум төгрөгийг төслөөс хассан хэмээн мэдээллээ.