Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдсон байна. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн аж.
Уяачдын холбооны наймдугаар Их хуралд оролцсон 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал авчээ.
Д.Дагвадоржийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүн гэдгээр олон нийт андахгүй. Тиймээс нүүрсний хэрэгт холбогдон шалгуулж байсан.
Д.Дагвадорж нь “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байв. Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих санал хүргүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэж байсан удаатай.
Гэвч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байлаа.
Тухайн үед Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгаж байв.