УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцсэн.
УИХ-аас шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинэ он гарахаас урьтаж улс төрийн намууд хурлаа хийх, санхүүжилтээ ил тод болгох, төрийн бус байгууллагуудаа нээлттэй болгох зэрэг хэд, хэдэн үүрэг хүлээж байгаа. Хэрвээ эдгээр заалтуудыг хэрэгжүүлээгүй нөхцөлд улс төрийн намыг татан буулгахаар заасан юм.
Энэхүү зохицуулалтуудыг улс төрийн жижиг намууд эсэргүүцэж, хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөхийг паралментад суудалтай улс төрийн намуудаас шаардаж эхлээд байна. Засгийн газар мөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлээд буй.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болоод байна.
Эдүгээ Монгол улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа. Эднээс өнгөрсөн зуны УИХ-ын ээлжит сонгуульд 20 гаруй нам оролцсон. Нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсан намуудад шинэ хууль ёсоор санхүүжилт өгөхөөр тусгасан. Тиймээс өнгөрсөн сонгуулиар нэгээс дээш хувийн санал авсан намууд үүнд багтаж байгаа.
Энэ эрхээ тус намууд эдэлж байгаа ч хариуцлагаа огт хүлээхгүй байгааг олон хүн шүүмжилж байна. Мөнгө өгвөл авчихаад бусад асуудлыг хойшлуулна гэж юу гэсэн үг вэ гэж байгаа юм. “Буян” хэмээх Б.Жаргалсайхан БНН гээд 30 жил явсан нь үнэн ч түүнээс өөр ямар гишүүдтэй юм, бусад удирдлага нь хэн юм гэхээр хэн ч харагддаггүй.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярын шүүмжилсэн нь үнэн юм. Яг үүн шиг Б.Жаргалсайхантай адил намын дарга нар олон байгаа. Ганц өөрөөс нь өөр улстөр хөөж яваа гишүүнгүй, хамтын удирдлага ч үгүй нам нэр зүүсэн хүмүүс.
Нам л юм бол хууль ёсоор дор хаяж 801 гишүүнтэй, түүнээс гадна удирдлагын бүтэцтэй байх хуулийн заалт байгаа. Гэтэл он гартал сар гаруйн хугацаанд хурлаа хийж амжихгүй гээд хуулийн хэрэгжилтийг хойшлуулж өгөхийг хүсч, шаардаад байгааг ойлггож ядах юм байхгүй. Хугацаа хожиж, “дахин нам байгуулах” дажинд л мордох гэсэн санаархал болох нь ойлгомжтой. Бүр 30 жилийн өмнө байгуулсан намын гишүүд нь өдийд бүгд байгаа гэдэгт хэн ч итгэхгүй.
Мөн Б.Жаргалсайхан тэргүүтнүүд эрх баригч намуудтай наймаа хийчихээд ингэж яваа. Тэдэнд татварын хөнгөлөлтөөс эхлээд төрийн эрх баригчдаас хүртсэн унац их байгаа гэлцэнэ. Тиймээс ийнхүү улстөрийн намын тухай хуулийг хойшлуулахыг хүсч байгаа хэрэг.