Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийлээ.
Н.Учрал “Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Төрийн тэргүүн албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргасан. Төрийн тэргүүний гаргасан ёс зүйн үлгэр жишээ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа.
Энэ жишгийн дагуу ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэднийг өнөөдөр Засгийн газрын гишүүнээс чөлөөлж буй бөгөөд УИХ-д өргөн мэдүүлнэ. ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөллөө.
Д.Батлут сайд надад өргөдлөө өгсөн. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа учир Батлан хамгаалахын сайдгүй байж болохгүй. Тиймээс өнөөдөр Д.Батлут сайдын өргөдлийг шийдээгүй. Дээрээс нь төрийн нарийн бичгийн даргынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан байсныг улираан томилсон.
“Бодь” группийн оффтейк гэрээтэй нэр холбогдсон шийдвэр гаргалтад оролцсон төрийн бүх албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчилж үлдэж болохгүй.
Гашуунсухайтын төмөр зам, оффтейк гэрээний маргаан, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга хамаатай. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Х.Баттулга 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтейк гэрээний ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. Мөн 280 сая ам.доллараар шороо овоолсон. Энэ асуудлаас болж олон иргэн ял авч, зарим нь хил гарч зугтаасан.
Мөн Төгрөг нуурыг бусдаас үнэгүйдүүлэн авсан. Улмаар 507 хуудас материалыг шүүхийн байгууллагад өгтөл замхарч байсан. Надад санхүүгийн сайн баг бий. Тухайн 500 хуудастай материалыг бэлдэхийн тулд олон улсын санхүүчдийн тусламжийг авч байлаа. Нэгдүгээрт, Гашуунсухайт боомтын бүх асуудлыг олон улсын аудитын байгууллагад мэдээлнэ. Хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгнө. Н.Учралын Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй гэсэн зарчим баримталж байна. Уул уурхайн биржийн хуулийн дагуу түүхий эдийг экспортлоод явж буй.
Г.Занданшатарын засгийн газрын үед бүх оффтейк гэрээ ил болсон. Түүнээс өмнө байгуулсан гэрээнүүдийг шалгаж, танай манай гэхгүйгээр бүгдийг нь шалгах ёстой” гэв.
Тэрбээр хууль хяналтын байгууллагуудад Ерөнхий сайд хугацаатай үүрэг өгнө гэлээ.
Мөн Гашуунсухайтын төмөр замд олон улсын аудит оруулах чиглэлийг Чингис хаан баялгийн сан нэгдэлд өгсөн. Дүгнэлтийг хуулийн байгууллагаар шалгуулах хугацаатай үүрэг өгч байна. Хугацаандаа биелүүлээгүй бол шат шатанд нь хариуцлага тооцно.
2018 оноос хойших МАН-ын санхүүд хөндлөнгийн аудит хийлгэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэлээ. Мөн тэрбээр намын даргын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд гэмт хэрэг холбогдоогүй байх, өндөр ёс суртахуунтай байх шаардлагыг тавина гэв.
