УДШ “Авлига хороолол” буюу “Акуа гарден”-г хууль бус гэсэн шийдвэр гаргачихлаа, одоо яах вэ, буулгах уу

Олноо “Авлига хороолол” гэгддэг “Акуа гарден” хотхоныг хууль бусаар Дунд голын хамгаалалтын онцгой бүс дунд барьсан хэмээн УДШ шийдвэрээ гаргалаа. Усан парк барина хэмээн анх 2008 онд газрын зөвшөөрөл авсан хүмүүс сүүлдээ Дунд гол орчимд барьсан тус өндөр зэрэглэлийн, үнэтэй барилга Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очиж, хоёр блокыг нь нураах заалт хүртэл гарч байлаа.

Гэвч уг хотхон баригдаж дуусаад айлууд нь ороход бэлэн болчихсон. Э.Бат-Үүлээс эхлээд Су.Батболд, С.Амарсайхан, Д.Сумьяабазар, Х.Нямбаатар нарын хотын дарга байхад уг хотхон хууль зөрчин баригдсан. Одоо хууль бус гээд УДШ шийдвэр гаргачихлаа гээд буулгах уу, яах вэ гээд асуудал их. Юутай ч шүүхийн гаргасан шийдвэрийг харцгаая.

Улсын дээд шүүхийн хуралдаанаар 2026 оны 11 дүгээр сарын 11-нд “Акуа гарден” хорооллын гэх тодотголтой хэргийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг

-29444 м.кв газрыг үйлчилгээ,
-79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор,
-2642 м.кв газрыг үйлчилгээний зориулалт”-тай болгон өөрчилсний зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “… Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж, усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгуулахгүй байх” гэсэн агуулгатай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасны хүрээнд хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн ““Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “… Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn