АТГ 405 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгох саналыг шүүхэд гаргажээ

Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 эрүүгийн хэргийн улмаас учирсан 212.7 сая төгрөгийг хураан авч, 405 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мэдээллээ.

Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан. Хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны тавдугаар сард илрүүлж, нийт 25 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Дээрх 25 хэрэгт 40 гаалийн улсын байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүн холбогдсон байна.

Үүнээс 20 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 17 хэрэг нь шүүхээр шийдэгдэж, нэг хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, гурван хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд одоогоор дөрвөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 212.7 сая төгрөгийн хахуулийн мөнгийг хураан авч АТГ-ын Төрийн сангийн дансанд байршуулсан байна. Мөн 405 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн улсын орлого болгуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn