Мартаж болохгүй хэргүүд: Өглөө бүхэн санаж байх ёстой ЖДҮ-гийн хэрэг

-“Тангуд мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” гэдэг шиг өглөө бүр сануулж байх ёстой гэмт хэргүүд-

Өнөөдөр бидний эх орон Монгол улсын маань дайсан хэн бэ. Үүнийг харь улс орнууд биш харин та биднээс эх орныг маань хулгайлж байгаа дотоодын дайснууд болох авлигачид гэж ойлгож болно. Тэртээ 13 дугаар зууны эхээр Их Монгол улсыг байгуулсан Их Эзэн Чингис хаан маань” Тангуд улс мөхөөгүйг өглөө бүхэн сануулж бай” хэмээн зарлиглаж, амьдралынхаа сүүлчийн хоромд хүртэл энэхүү Тангудыг мөхөөхийн төлөө тэмцсэн байдаг.

Одоо цагт бол та бид гадаад гэхээсээ илүүтэй дотоод дайснууддаа дарлагдсаар байна. Тиймээс албан тушаалт, цагаан захтнуудын хулгай, дээрэм, авлига улам цэцэглэж, хууль, хяналт шүүх цагдаа ч тэднийг зогсоож хүч хүрэхээ больж, авлигын хэргүүд замхарсаар байгааг өглөө бүр монголчууддаа сануулж байхыг өөрийн ариун үүргээ хэмээн үзэж байна. Хууль хяналтынхныг гар хөлөө болгосон авлигач, хулгай, дээрмийнхэн хэргээ наймаалцаад ялгүй үлдэж, хуссан мөнгөнийхөө 100 хуваасны нэгээр торгуулж байхад, хэдхэн төгрөг хулгайлсан залуу хүү 10 жилээр яллагдан шоронжиж байна.

Санахтун, сэрэгтүн, авлигачид улс орныг минь, та биднийг тартагт нь тултал сорон мөлжсөөр байна.

2000-аад оны сүүл үе хүртэл хэдэн зуун саяар хэмжигдэж байсан байсан авлига 2010-аад оны дунд үеэс тэрбум, тэрбумаар хэмжэгдэх болсон. Гэтэл эдүгээ авлигачид тэрбумыг тоохоо байж хэдэн их наядаар ярих боллоо.

Эхний удаад сүүлийн 10 гаран жилд дуулиан шуугиантайгаар илчлэгдсэн ч эцэс сүүлдээ замхарсан зарим хэргийн тухай дурдаж, зарим нэгийг нь арай дэлгэрүүлэн авч үзье.

Энэ дунд 10 гаран жил яригдсан ч эцэслэгдээгүй хэргүүд цөөнгүй. Тухайлахад, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, түүний хамт Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ХХБ-ны охин компаниуд авсан хэргүүд,”Ачит Ихт”-ийн хэрэг,  мөн Капитал, Чингис хаан банкнуудын дампуурлын хэргүүд, оффшор дансны буюу улстөрчдийн хууль бус нууц хөрөнгөтэй холбоотой хэргүүд гэхчлэн дурдаж болно.

Эрх баригч намын нөлөө бүхий нөхдүүдийн тэрбум, тэрбум орчмоор хувааж авсан ЖДҮ сангийн хэмээх хэрэг байна.

Мөн энэ хугацаанд гарсан ч шалгагдаж дуусаагүй хэргүүд бас бий. Жишээлэхэд алдарт “Ногоон автобусны хэрэг” хэмээгч эдүгээ ч шүүхийн шатан дээр байж л байна.

Хамгийн олон жил яригдсан ч огт шийдэгдэж дуусаагүй хэрэг бол Боловсролын зээлийн сангийн хэрэг байна.

За тэгээд Монголчуудыг хоёр гурван жил шуугиулсан Нүүрсний 40 их наядын хэмээх хэргүүд. Тэр дундаас нүүрстэй холбоотой ч юм шиг, үгүй ч юм шиг асуудлаар 3 жилийн ял авсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хэрэг байна.

Одоо ч зарим талаар дуусаагүй Хөгжлийн банкны хэргүүд байна.

Гэрээс нь 7 тэрбум гаруйг хураасан Төмөр замын С.Батдөлийн хэрэг шийдэгдсэн. Гэхдээ л уг хэргийн цаад нарийн учир огт ил болоогүй өнгөрсөн. Юутай ч эхэнд нь одоо бараг мартагдаад байгаа ЖДҮ-гийн хэргийн тухайд эхлээд авч үзье.

ЖДҮ-гийн зээлийг тэрбум, тэрбумаар нь хувааж авсан албан тушаалтнуудын хэрэг

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас хөнгөлөлттэй зээлийг хууль бусаар олгосон хэрэг 2018 оны сүүлээр олонд ил болж бужигнуулж билээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой, жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг төрийн өндөр албан тушаалтнууд хувийн компаниараа хуваан авсан байлаа.

Энэхүү ЖДҮ-гийн зээлийг тухайн үеийн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд болон бусад өндөр албан тушаалын 40 гаруй хүн хувийн болон хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авсан нь ил болсон.

ЖДҮ-гийн санг хоосолсон хэмээх хэргийг зохион байгуулагчид өгсөн ял

ЖДҮ-гийн зээлийг хуу хамсан энэ хэргийг тухайн үеийн УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг гол зохион байгуулагч хэмээн зарлаж ялласан. Гэвч түүнд өгсөн ял олны хэл амны загатнааг хэсэгтээ л гаргасан юм.

Шүүхийн шатанд Б.Батзориг нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг юм.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 40 саяын торгуулийн ял оноосон. Энэхүү “40 саяын ял” хэмээгчийг жишиг болгож,  дараа нь мөн цөөнгүй хүнд хүлээлгэж ирсэн юм. Гэхдээ Б.Батзориг ганцаараа энэхүү ЖДҮ-гийн хэргийг зохион байгуулаагүй гэгддэг. Тиймээс ч ийм хэмжээний ял хүлээсэн болоод өнгөрсөн гэдэг.

ЖДҮ аваад улстөрөөс арчигдагсад буюу ЖДҮ аваад хоригдох ял авсан “азгүйчүүд”

 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж намын бүлгийн хурал дээрээ хэдэнтээ хэлсэн. Гэвч тэр хэлсэн үгэндээ 100 хувь хүрээгүй. УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат, Н.Оюундарь нарыг ЖДҮ-д холбогдсон хэмээн 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй байдаг.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан байлаа. Түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд  2 жил 6 сарын хорих ял оноосон. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргаж байлаа.

ЖДҮХС-гаас зээл УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өөрийн хамаарал “Монгол шаазан” ХХК-нд 950 сая төгрөгийгурт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг өдүүлсэн.  Түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдаж ял өгсөн.

Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй ч Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Л.Энхболд, А.Сүхбат, Н.Оюундарь нарт хуулийн хариуцлага ч хүлээлгэсэнгүй өнгөрөв.

ЖДҮ-гийн 950 сая, нэг тэрбумын зээл авсан ч дахин УИХ-д сонгогдсон, сайд, дарга болсон хүмүүс

ЖДҮ-д авсан Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар УИХ-д дахин сонгогдсон. Сонгуульд ялсан МАН-аас ЖДҮ-д холбогдсон Я.Содбаатар ишадар сайд, Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болж, тухайн үеийн тус намын генсек Д.Амарбаясгалан албан тушаалаа үргэлжлүүлсэн.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд: 

  •  ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
  • УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг 950 сая төгрөг
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан  Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан  Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа “Доктор МЭИК” ХХК 700 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн  асан О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг “Мондем” ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.

Төрийн бусад өндөр албан тушаалтнууд:

  1. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан  Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
    2. Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
    3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
    4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
    5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
    6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар “Цаст согоот” ХХК 800 сая төгрөг,
    7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы “Баяр плант ХААБ” ХХК,” Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100 хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
    8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус  албанд томилогдсон) Ш.Хонгорзулын “Хосбогд Агро” компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
    9. “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (уг албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
    10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий “Бат ган агро” ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ.

ЖДҮ-гийн гэх энэ хэрэг нь байнга эргэн сануулж, байх ёстой авлигын жишээ

ЖДҮХС-гийн мөнгөнөөс хулгайлсан гэмт хэргийг хэзээ ч мартаж үл болно. Манай нийгэмд хариуцлага гээч ямар болсоныг харуулах тод жишээ болсон тухай асуудал юм. ЖДҮ бол дээрэм мөн. Амьдралаа өөд татахаар ядаж яваа жирийн иргэдийн боломжийг хулгайлсан хулгай ч бас мөн. Засгийн газар, УИХ-ын саятан, тэрбумтан гишүүд иргэд хөөцөлдөж гүйгээд ч олддоггүй 5 саяын зээлийг тэгш хувааж 950 сая, 1 тэрбумаар нь хувааж авсан нь Монголын улс төр дахь хамгийн шударга бус, ёс зүйгүй хэрэг гэдэг тун тодорхой.

Олон зуу, магадгүй хэдэн мянган жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уг хэрэг нийгэмд асар том шуугиан тарьсан. ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхээ компанид олон зуун сая, тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн төрийн дээд албан тушаалтнууд өнөөдөр уг хэргийг хэдийн мартчихсан яваа. Тэдний ихэнх нь эдүгээ Монгол төрийн хамгийн дээд түвшинд сууцгаана. Одоо бол их наядаар ярьдаг тэдний хувьд ЖДҮ бол жижигхэн хэрэг болсон нь мэдээж.

Нэг хэсэг 60 тэрбумаар эрх мэдлийг зарах тухай асуудал ярьсан хэсэг дарга нарыг байнга ярьдаг байсан. Харин ЖДҮ бол эрх мэдэлдээ бялуурсан нөхдүүд жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг тэрбумаар нь хувааж авснаараа түүнээс ч илүү хулгай, дээрэм мөн.

ЖДҮ хэргийн дараа авсан арга хэмжээнүүд

Ингээд Засгийн газрын шийдвэрээр хуучин ажиллаж байсан ЖДҮХС-гийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн.

Мөн зээл олголтын шалгуур, журмыг шинэчлэн чангатгаж, төслийн материалыг ил тод, хүний оролцоо багатайгаар цахим системээр хүлээн авдаг журамд шилжсэн.

Уг хэргээс хойш тус агентлаг хуучин авсан зөрчилтэй болон “муу зээл”-үүдийг эргүүлэн төлүүлэх, өр барагдуулах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа гэдэг.

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn