Өнгөрсөн долоо хоногоос огцорсон хотын дарга Х.Нямбаатартай холбоотой АТГ-т хэрэг үүсгэсэн нь тодорхой болж, өдгөө Канадад байгаа гэх тэрбээр ч өөрийнх нь оронд хотын дарга болсон Д.Пүрэвдагва руу хийх сошиал дайралтаа хийсээр л байна.
Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Харин хуулийн байгууллагаас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан ч түүнд яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг интерполоор эрэн сурвалжилж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэж заажээ. Уг хуулийн заалтын дагуу Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөхөөр хуулийн байгууллагаас түүнд “дуудах ирүүлэх хуудас” удаа дараа хүргүүлсэн ч тэрбээр энэ дагуу ирэхгүй байгаа гэх.
Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн зун Монгол Улсын хилээр гарч яваад өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа бөгөөд түүнийг Канад улсад байж магадгүй гэлцэж байна. Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудаст мэдээлэл хийхдээ “гадаад улсад суралцаж байгаа” гэдэг.
Монгол Улс, Канад улс хооронд эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй тул хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүсийг харилцан солилцох хуулийн боломж байдаггүй гэнэ. Тиймээс Хотын дарга асан Х.Нямбаатарыг интерполын мэдээгээр зарлаж, түүнийг эрэн сурвалжилж магадгүй болжээ.
Тэгвэл Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан газар чөлөөлөлт болон хотын хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Хүргэн хүү хадам аавдаа таалагдах гэж намайг, манай багийг айхавтар гүжирдэв. Тавилттай гэж жигтэйхэн. Өнөөх Долоосамбуугаараа өөрөөсөө асуулгаж, өөрөө хариулж, хөөрхөн” хэмээсэн байна.
Мөн газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдээс өөрийн хэрэгжүүлсэн бодлого зөв байсан эсэх талаар санал авахыг хүсээд, “Газар чөлөөлснөөр 5000 орчим янданг байхгүй болгосон. Сэлбэ, Баянхошуу, Шархад, Ханын материал, нүхэн гарцууд, авто замуудын трас, нэгдүгээр хорооллын арын өргөн зам, Яармаг, Гандан, Ногоон нуур, сургууль, цэцэрлэгүүдийн инженерийн байгууламжуудын трасс дагуух газар чөлөөлөлтийг хийсэн”.
Түүнчлэн дахин төлөвлөлт нь газар чөлөөлөлттэй салшгүй холбоотой гээд, хэрэв өөрийн баг ажлаа үргэлжлүүлсэн бол 2027 он гэхэд Чингэлтэй дүүргийн 13, 14, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2500 орчим айлыг бүрэн чөлөөлж, 17 дугаар уулзвар хүртэлх гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байсан гэж” мэдэгджээ.
