С.Зориг агсныг дурсах өдөр: Өнгөрсөн жилд хөшөөгөөр нь жаал оролдсоноос өөр хэрэгт нь ахиц гарсангүй

Өнөөдөр 10 дугаар сарын 2. Энэ өдрөөс яг 28 жилийн өмнө гэхээр хэн бүхэн, юу бичих гэж байгааг минь мэдэж байгаа. Тиймээ Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг энэ өдөр хөнөөсөн юм.

Аллагад өртсөн түүний нэрийг энэ 28 жилийн хугацаанд явагдсан бүх сонгуульд ашигласан. Үүнээс гадна зарим нь бүр түүний үг болон нэрийг ашиглан Засгаа рекламдсан ч даанч эсрэг явж, түүнээсээ болж унаж байлаа.

Бүхэл бүтэн 28 жилд хэн түүнийг хөнөөсөн, хэн захиалсан гэдгийг тогтоож чадаагүй л байна. Ц.Элбэгдоржийн үед Б.Хурц, С.Эрдэнэбат нарын тэргүүлсэн хуульчид  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хүмүүсийг уг хэргийг үйлдсэн хэмээн тогтоож 3 шатны шүүхээр ял оноосон.

Гэвч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсны дараа Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын оролцоотойгоор тэдгээр хүмүүсийг уг хэргийг хийгээгүй хэмээн зарим нь бүр монгол төрийн өмнөөс уучлалт гуйсан.

Гэвч С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ээдрээ хэвээр л, түүнийг хэн захиалж, хэнээр хөнөөлгөснийг нарийн тогтоогоогүй л байна.

Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн учир олдоогүй байхад түүний нэр, бүр хөшөөг нь ашиглахыг хүсэгчид шуугиан тарьсаар. Өнгөрсөн зун С.Зориг агсны хөшөө нэг өглөө алга болж, маргааш нь буцан ирсэн. Учрыг сүүлд олоход Төв шуудангийн өмнөх С.Зориг агсны хөшөө байдаг газартай залгаа хуучны хоёр давхар байшин бий. Тэр нь 1990 онд анх байгуулагдаж байсан Шинэ дэвшилт хөдөлгөөнд тухайн үед олгогдсон обьект аж.

Энэхүү байшин болоод газрын эрх ШДХ-нд одоо ч бүртгэлтэй, газрын гэрчилгээ ч байдаг гэх. Тиймээс тэд уг байшинг нурааж, шинээр өндөр шилэн барих зорилготой. Түүнд нь С.Зоригийн хөшөө саад болоод байгаа тул нүүлгэхийг хүссэн гэнэ.

Ингээд уг хөшөөг авах байгууллага олдохгүй болохоор нь МоАХ-ныхонтой яриад “Ардчиллын ордон”-ын үүдэнд аваачиж тавьсан гэх. Гэвч үүнд олон нийт ч , нийслэл хотын захиргаа ч дургүйцснээр С.Зориг агсны хөшөө орой нь буцаад байрандаа ирсэн.

Хөшөөг тойрсон хэрэг явдал үүгээр дууссангүй. Нэг л өглөө С.Зоригийн хөшөө болон бусад олон хүмүүст зориулсан хөшөө жижигхэн дагуулуудтай болж олныг алмайруулав. Гэтэл нөгөөх нь Л.Эрдэнэчимэгийн “Монос” компанийнхны хийсэн ажил болж таараад бас буцаагдсан.

Ийнхүү өнгөрсөн нэг жилд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажиллагаа хэр ахисаныг мэдэхгүй ч хөшөөг нь тойрсон энэ мэт асуудлууд болж өнгөрлөө.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn