Узбекистаны Самарканд хотноо болж өндөрлөсөн FIDE-гийн 46 дахь удаагийн Дэлхийн Шатрын Олимпиадад манай эмэгтэйчүүдийн шигшээ баг гайхалтай амжилт үзүүлж, эх орныхоо шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээж VII байрт шалгарлаа.
Манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглосон харьцаанууд:
Монгол 4 : 0 Палестин (Round 1)
Молдова ½ : 3½ Монгол (Round 2)
Монгол 2½ : 1½ Перу (Round 3)
Монгол 1 : 3 Энэтхэг (Round 4)
Хорват 1½ : 2½ Монгол (Round 5)
Монгол 3 : 1 Иран (Round 6)
Франц 1½ : 2½ Монгол (Round 7)
Болгар 1½ : 2½ Монгол (Round
Монгол 2 : 2 Казахстан (Round 9)
Монгол 1 : 3 Польш (Round 10)
Грек 1½ : 2½ Монгол (Round 11)
Тус олимпиадад 189 орны шилдэг шатарчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 17 оноо авч, дэлхийд 7 дугаар байрт шалгарсан байна. Ингэснээр Монголын эмэгтэй шатарчдын олимпиадын түүхэн дээд амжилт шинэчлэгдлээ.
Монголын эмэгтэй шигшээ багийн өмнөх хамгийн өндөр үзүүлэлт нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн амжилт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж, анх удаа ТОП-10-д багтжээ.
Манай баг АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай ижил 17 оноо авсан бөгөөд коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдсэн байна.
Мөн 19 настай Х.Баясгалан тэмцээний турш 11 өрөг дараалан тоглож, 8 оноо авснаар III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгджээ.
Монголын эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр 26 дугаар байр эзэлж, “В” ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү хоёр шигшээ баг дэлхийн шатрын олимпиадад Монголын шатрын шинэ амжилтуудыг тогтоолоо.
Энэ удаагийн амжилт нь дэлхийн шатрын тэргүүлэх орнуудын өндөр түвшний дасгалжуулалт, спортын шинжлэх ухаан, академи, санхүүжилтэд тулгуурласан тогтолцоотой харьцуулахад Монголын залуу шатарчдын ур чадвар, сахилга бат, оюуны чадавхыг харуулсан үр дүн боллоо.
Монголын шатрын холбооноос цаашид энэхүү амжилтыг улам ахиулж, шатрыг боловсролын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн шатрын дээд түвшинд өрсөлдөх шинэ үеийн шатарчдыг бэлтгэх зорилт тавьж буйгаа илэрхийлжээ.
