УИХ-ын чуулганаар 14 хоног тутмын баасан гарагт УИХ-ын асуулгын цаг явагддаг болсон. Намрын чуулган эхэлснээс хойш анхны асуулгын цаг өнөөдрийн 14.00 цагаас явагдах гэж байна.
Энэхүү асуулгын цагаар УИХ дахь АН-ын гишүүд “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэхээ хэд хоног мэдээлсэн. Энэхүү мэтгэлцээнд АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Баясгалан, Ц.Мөнхтуяа нар оролцож Ерөнхий сайдаас асуулт асуух аж.
Гэхдээ энд нэг сонирхолтой юм байна. Эрх баригч МАН бүр 2000-2004 онд МАХН байхдаа “Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядруурлаас аварья” хэмээх сонгуулийн уриатай засаглаж байсан. Гэтэл Н.Энхбаярын засаглаж байсан тэртээх 26 жилийн өмнөх асуудлыг бүр 2026 онд авчирч байгаа юм.
Тэр үед 1996-2000 онд засгийн эрх барьсан “АХ эвсэл” гурван засаг унагаж, 4 Засгийн газартай дараагийн сонгуульд орж байсан учир МАХН 2000 онд дээрх уриаг дэвшүүлээд сонгуульд ялж байсныг сануулж байгаа бололтой.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН “Ард түмний ялалт” хэмээх уриатай байсан. АН бол “Бүтэн Монгол- Бүрэн Ардчилал” гэсэн уриатай байв. Тэгэхээр уг нь бол “Ард түмэн ялаагүй” хэмээх сэдэв баймаар.
Угтаа бол “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” гэдэгт ганц Н.Учрал биш 26 жилд төр барьж ирсэн намууд, Ерөнхий сайдууд бүгд л хариулмаар санагдана.
