УИХ-ын намрын чуулган АН-ын шаардлагатай, улстөрийн асар их хүлээлттэйгээр эхэллээ

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийг хийлээ. УИХ 126 гишүүнтэйгээс намрын чуулганы нээлтэд 87 гишүүн ирлээ. Намрын чуулганы нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо.

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт  үг хэлэхдээ “Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн Та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна.

Тийм ч учраас Улсын Их Хурал хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө, гишүүдээсээ эхлүүлэх Улсын Их Хурлын тухай багц хуулиа энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг  хүлээж, бас шахаж шаардаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя аа. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус иргэдийн төлөөх цаг гэж үзэн ажиллацгаая.

Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой.

Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах,  Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна.

Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм.

Нийгмийн сүлжээнд ардчилал шударгга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах, бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя.

Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр нь өргөн бариагүй байна.

УИХ энэхүү хуулийн төслийг хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Энэхүү танхимд олон намын, олон байр суурь бий. Улсын Их Хурлын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой.

Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.

Эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур баганаа тэгшитгэн засаж, иргэний оролцоо, хяналттай төрийг цогцлоох үүрэг хүлээсэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэсэн.

УИХ-ын намрын чуулган эхэлсэн энэ өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Ерөнхий сайд Н.Учрал итгэх үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир”, “Хэрэг наймаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул” гэх лоозонг ширээн дээрээ байршуулан, эрх баригч намынхны хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн үйлдэлд хариуцлага тооц хэмээн шаардлаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувьсах зардал нэрээр хувийн өмчийн сургуульд 50 тэрбум төгрөг төсөвлөсний дотор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий ““Их засаг Кингис” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл. Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэрэг наймаалцаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхандаа хариуцлага тооц гэх асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж буй. Хэрвээ Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгийг мөн тодотгожээ.

УИХ-ын даргыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn