Тэрбээр “…Нэр бүхий УИХ-ын гишүүд Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 6, 7 настай хүүхдүүдийг гэрээр сургах сонголттой болгох хуулийн төсөл санаачилсан. Энэ хүрээнд салбарын яамнаас холбогдох хуульд заасан чиг үүргийн дагуу малчны хүүхдэд зориулсан хөтөлбөрийг энэ жилээс туршина.
Өмнөговь болон Дундговь аймгуудад нэг жилийн хугацаанд турших ажлыг эхлүүлнэ. Эдгээр аймгийн удирдлагууд энэ хөтөлбөрийг орон нутагтаа турших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн учраас сонгон авсан юм. Ирэх хичээлийн жилээс бусад аймгуудад үе шаттайгаар нэвтрүүлж, сайжруулаад явах юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, энэ туршилтын хөтөлбөрт малчин өрхийн хүүхэд бүр хамрагдахгүй. Тухайн хүүхдийн эцэг эх өөрсдөө хүсэлт гаргасан тохиолдолд танхим, цахим, гэрийн сургалтыг хослуулсан байдлаар туршина.
Хүсэлтийн дагуу тодорхой хугацаанд танхимаар, цахимаар, гэрээр гэсэн хосолмол аргаар нарийн тооцоолсон төлөвлөгөөний дагуу сургана. Энэ бол үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн албан ёсны хөтөлбөр биш гэдгийг дахин тодотгон хэлье. Энэ жил дээрх хоёр аймгийн малчдаас хүсэлт ирүүлсэн ганц хоёр суманд турших юм” гэжээ.
1990-ээд онд нэгдүгээр ангиас “Монгол бичиг” үзэж тэр жил сургуульд орсон хүүхдүүдийн олонх одоог хүртэл кириллээр зөв уншиж, бичиж сураагүй байдаг шиг болох вий гэсэн айдас бий. Гэхдээ тэр үеийнх шиг нийтийг хамарсан биш учраас хүмүүс тэгтлээ санаа зовохгүй байгаа бололтой.
